Барилгын комиссын дүгнэлт шуурхай гаргаж өгөхөөр 73 сая төгрөгийн хахууль авчээ

Twitter Print
2021 оны 12-р сар 06-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Жич: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 1-ний өдрийн орой хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулжээ.

Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай нутагт өөр нэлээд том хэмжээний га талбайг өндөр үнээр борлуулсан хэрэгт шалгаж буй.

Тэгвэл НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнхийн тухайд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамт бусдаас их хэмжээний хахууль төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт холбогджээ.

Тэд Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст хамт багтаж, нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа ийнхүү албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгагдаж байна. /Өдгөө мөрдөж буй хуульд их хэмжээний мөнгө гэдэг нь 50 сая төгрөгөөс дээш дүнг хэлнэ/

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржийн талаар өмнө нь иргэд “Тамга даралгүй найман сарын турш чирэгдүүлж, хясан боогдуулж хоёр өрөө байр, 60 сая төгрөгийн хахууль нэхсэн” хэмээн гомдол гаргаж, АТГ-ынхан шалгасан ч гэм буруутайг нь нотлох хангалттай баримт бүрдээгүй гэдэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.