Баривчлах захирамжтай холбоотойгоор В.Путин БРИКС-ийн чуулга уулзалтанд оролцохгүй

Twitter Print
2023 оны 07-р сар 20-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн тамгын газраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Өмнөд Африкт болох БРИКС-ийн чуулга уулзалтанд оролцохгүй болохыг мэдэгджээ.

Ийнхүү шийдэх болсон нь Олон Улсын Эрүүгийн Шүүхээс түүнийг дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах захирамж гарсантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.

Өмнөд Африк нь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн орон бөгөөд В. Путиныг Өмнөд Африкт ирэхэд нь ОУЭШ-ийн шийдвэрийг гүйцэлдүүлэхэд нь туслах үүрэгтэй юм. Оросын төрийн тэргүүний Өмнөд Африкт айлчилж болзошгүй гэсэн яриа тус улсад улс төрийн маргаан үүсэхэд нөлөөлсөн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса В. Путиныг Өмнөд Африкт ирсэн хойно баривчлах нь ОХУ-д дайн зарлахтай адил хэмээн мэдэгдсэн бол сөрөг хүчний Ардчилсан Эвсэл нам В. Путиныг Өмнөд Африкт ирсэн хойно нь баривчлахыг шаардан засгийн газраа шүүхэд өгсөн юм.

Кремлийн зүгээс В. Путиныг баривчлах нь ОХУ-д дайн зарлахтай адил гэж мэдэгдсэн гэдгээ үгүйсгэсэн ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, "Дэлхий даяараа Оросын төрийн тэргүүнд халдах гэж оролдох нь ямар үр дагавартайг мэднэ. Тийм ч учраас бид хэнд ч, юуг ч тайлбарлах шаардлагагүй." хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн 3-р сард Олон Улсын Эрүүгийн Шүүх В. Путин болон Оросын Хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова-Белова нар олон мянган Украин хүүхдүүдийг хууль бусаар ОХУ руу шилжүүлсэн хэрэгт буруутган, баривчлах захирамж гаргасан билээ.

ОХУ тус байгууллагын гишүүн орон биш учраас дээрх шийдвэр ОХУ-д үйлчлэхгүй хэмээн мэдэгдсэн ч түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин гадаадын улс орнуудад айлчлал хйигээгүй юм.

Ирэх сарын 24-26-нд болох БРИКС-ийн чуулга уулзалтанд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Сергей Лавров ахлах бөгөөд Ерөнхийлөгч В. Путин уулзалтанд цахимаар оролцох аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.