Далай лам Төвөдөөс зугтан Гималайг давж Энэтхэгт очсон нь

Twitter Print
2023 оны 04-р сар 07-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Далай лам Төвөдөөс зугтан Гималайг давж Энэтхэгт очсон нь

1959 оны 03 сарын 31-ний өдөр 03 сарын 17-ны өдрөөс хойш сураг тасраад байсан 23-н настай 14-р Далай лам 120 орчим ойрын дагагчдын хамт Энэтхэг, Хятадын хилийн зааг Макмахоны шугамыг давж чадсан байгааг мэдээлэв. Энэ хугацаанд түүнийг Түвдэд гарсан Хятадын эсрэг бослого хөдөлгөөнийг Хятадын Ардын Чөлөөлөх Арми дарах үйл ажиллагааны явцад амь үрэгдсэнд тооцож байсан юм.

1959 оны 03-р сарын 10-нд Төвөд дэх ХАЧА-ийн зүгээс Далай ламыг бие хамгаалагчгүйгээр цэргийн хуаранд хүрэлцэн ирж тоглолт үзэхийг урьсан. Энэ үед “Далай ламыг хулгайлах гэж байна” гэх цуурхалд итгэсэн олон мянган Төвөдүүд далай ламын Норбулин зуны ордны орчимд цугларснаар бослого эхлэсэн гэж үздэг.

3-р сарын 12-нд Лхас хотын гудамжинд Төвөдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид гарч ирэв. Лхасын гудамжинд хаалтууд хийж ХАЧА болон Төвөдийн босогчдын цэргүүд хотын дотор болон эргэн тойронд байрлалаа бэхжүүлж, мөргөлдөөнд бэлдэж эхлэсэн. 3-р сарын 12-нд Лхас дахь Потала ордны өмнө Дри-бу-Юл-Хай Тхан /Dri-bu-Yul-Khai Thang/ хэмээх газар олон мянган эмэгтэйчүүд цугларав. 3-р сарын 14-н гэхэд бүр ч олон эмэгтэйчүүд сүүлд Хятадуудад баривчлагдаж, цаазлуулсан, зургаан хүүхдийн эх Гуртенг Кунсангын /Gurteng Kunsang/ удирдлагаар цугларав.

3-р сарын 15-нд Далай ламыг хотоос оргуулах ажлыг эхлүүлж, Төвөдийн цэргүүд Лхасаас гарах замыг аюулгүй болгох ажиллагааг зохион байгуулав. Гуравдугаар сарын 17-нд Далай ламын ордны ойролцоо хоёр их бууны сум бууж түүнийг зугтахад түлхэц болжээ. Далай лам маргааш шөнө нь ордноос нууцаар гарч, гэр бүл болон цөөн тооны албан тушаалтнуудын хамт Гималайг даван Энэтхэгрүү зугтсан юм. Хятадууд Далай ламыг ард түмнээ орхин зугтахыг оролдоно гэж бодоогүй тул Поталаг хүчлэн хамгаалж байгаагүй аж. Далай лам оргосон тухай цуу яриа маш хурдан тархаж эхэлсэн боловч ихэнх нь түүнийг ордондоо байгаад итгэсээр байв.

Далай ламын энэхүү 13 хоногийн аялалын талаар олон домог яриа байдаг бөгөөд ертөнцийн тайлагдаагүй нууцуудын нэг ч гэх нь бий. Учир нь ачаа бараа бүхий 120 орчим хүн яаж Хятадын засгийн газрын цэргүүдэд харагдалгүй Гималайг давсан бэ? Хятадын талаас онгоцоор хүртэл самнан хайж байсан үед шүү дээ.

Нэгэн туслахын өгүүлснээр тэд эхлээд мориор, үргэлжлүүлэн сарлаг хөлөглөн явсан боловч ихэнхидээ явган явж байсан бөгөөд тэдэнд Гималайн уулсыг сайн мэддэг даяанч лам нар туслаж байсан хэмээжээ.

Хятадын онгоцыг ирэх үед их хэмжээний манан гарсан нь тэднийг халхалж чадсан бөгөөд явсан замых нь дагуу хүчтэй шуурга шуурсан тул хойноос нь мөрдөж байсан хүмүүс замаа алдан аргагүйдэж мөрдлөгөө зогсоосон гэдэг. Түүнийг дагаж 80,000 орчим Төвөд хүн эх орноосоо дүрвэсэн байдаг.

Энэтхэгийн анхны Ерөнхий сайд асан, ард түмэндээ багш гэж хүндлэгдсэн Жавхралал Неру тухайн үед Далай Лам болон түүний олон мянган дагагчийг эх орондоо уриалагхан хүлээн авч, тэдэнд улс төрийн орогнол үзүүлсэн. Тэд Дарамсала хотод төвхнөн суурьшиж Төвөдөөс дүрвэн Далай Ламыг бараадан ирсэн иргэдийг хамруулан хилийн чанад дахь Төвөдийн Засгийн газрыг байгуулсан аж. Үүнээс хойш өдийг хүртэл 100.000 орчим Төвөд хүн Энэтхэгт дүрвэн суурьшсан байна. Тиймээс ч Дарамсалаг заримдаа бяцхан Лхас гэх нь бий.

Төвөдийн Энэтхэгт байгуулагдсан түр засгийн газрын мэдээлснээр Лхаст үлдсэн мянга мянган лам нарыг цаазалж, баривчилж, хотыг тойрсон сүм хийдүүдийг тонож сүйтгэсэн байна.

Бослогын хохирлын талаар олон тоо баримтууд байдаг ч нийт 87,000 Төвөдүүд уг бослогын үед бууны суманд, дараа нь хоригдож, эрүү шүүлт тулгагдан, цаазаар авахуулсан гэсэн тоо нь Хятад болон Төвөдийн талын мэдээллүүдэд давхцдаг байна.

Энэтхэгт байгуулагдсан Төвөдийн засгийн газар Дарамсалад дунд сургуулиудаас гадна, Төвөдийн соёлын дээд сургууль байгуулсан нь 1967 онд Төвөд судлалын их сургууль болсон бол 1970 онд 80,000 орчим Төвөдтэй холбоотой шашин, улс төр, түүх, соёлын бичвэрүүд бүхий номын сан, архив бий болгосон нь одоогоор Төвөд судлалын хамгийн чухал байгууллага болоод байна.

14-р Далай лам 1989 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан бөгөөд АНУ-ын Конгрессийн алтан медалиар 2006 онд, Энэтхэгийн иргэний хамгийн дээд шагнал болох Бхарат Ратна шагналаар 2016 онд шагнагдаж байжээ. Бхарат Ратна шагналыг Энэтхэг биш хүн авсан хоёр дахь тохиолдол нь энэ байв.

Хятадын засгийн газар Далай ламыг явсны дараахан буюу 1959 оны 3-р сарын 28-нд Төвөдийн теократ нийгмийн бүтцийг "ардчилсан шинэчлэл"-ээр /democratic reform/ халж, хамжлагыг устгасан бол 1965 оны 09-р сарын 01-нд Төвөд “Өөртөө Засах Орон” гэдэг статустай болжээ.

Төвөдүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд 1959 онд 1 сая гаруй хүн ам тоологдож байсан бол өнөөдөр 3,3 сая Төвөд хүн уг бүсд амьдарч байгаа бөгөөд тархан суурьшсан үндэстэн нэгтнүүдээ нийлүүлвэл 7 орчим сая гэжээ.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.