
ӨЧҮҮХЭН НЭГНИЙГ ТАНИХ ЭНГИЙН АРГА
Намайг бага сургуульд байхад манай ангид нэг жаал байдаг байв. Гэртээ байнга загнуулдаг байсан уу яасан тэр жаал бусад хүүхдүүдээс айж дөлдөг байлаа. Эсвэл угийн тийм бүрэг байсан ч байж болох юм. Ямар ч байсан тэр жаал аймхаадуу нэгэн байв. Хүүхдүүд түүнийг дээрлхдэг ч үгүй, найзалж нөхөрлөдөг ч үгүй байлаа.
Нэг өдөр манай анги жижүүрт гарахаар болж багш нөгөө жаалд нэг ажил хариуцуулж өгөв. Тэрээр сургуулийн үүдэнд зогсоод хүүхдүүдийг солих гуталтай ирсэн эсэхийг шалгаж, гуталгүй ирснүүдийг нь үүднээс буцаах ёстой болов. Дээр нь тэдний нэрсийг бичиж аваад хичээлийн эрхлэгчид өгөх…
Тэр жаалын жижүүрлэж байгааг та нар харсан ч болоосой! Тэрээр нэгдүгээр ангийнханд их ширүүн... “Солих гутал чинь хаана байгаа юм? Чи толгойгоо мартсангүй юу? Алив нэр чинь хэн бэ? Чамайг хичээлийн эрхлэгчид хэлж сургуулиас хөөлгөнө дөө!” гэх зэргээр орилж хашгачиж байв. Тэр хоёрдугаар ангийнхан руу ч бас орилж, тэднийг заамдан авч, айлган сүрдүүлж, гэрт нь буцааж… үзүүлж өгч байв.
Харин гуравдугаар ангийнхан буюу үе тэнгийнхэндээ бол арай зөөлөн хандаж, солих гуталгүй ирсэн сурагчдыг нэрийг нь бичиж авсан болоод оруулж байлаа. Тэр жаал өөрөөсөө дүү, сул дорой хүүхдүүдийг л чангалж байв. Цаадуул нь ч хөөрхий уйлах нь уйлж, “миний нэрийг битгий бичээч дээ” гэж гуйх нь гуйж байлаа. Зарим нь өмсөж ирсэн гутлаа нусны алчуураараа цэмбийтэл нь арчиж байсан бол зарим нь “би гутлаа тайлаад оймстойгоо явчихья” гэж байгаа харагдав…
Өөр нэг жишээ. Нэг даруухан байрын бүсгүйг ажил дээр нь тушаал дэвшүүлэв. Ердөө нэг шат ахиулахад л тэрээр танихын аргагүй болж өөрчлөгдөх нь тэр. Бүсгүй, удирдлаганд нь ажиллалаг гурван хүнтэйгээ яг л зарц боол мэт харьцдаг болов. Нөгөө төлөв даруу хүн хааччихав аа!? гэмээр л болж…
ӨЧҮҮХЭН хүнд түр ч болов эрх мэдэл өгөөд юу болохыг нь нэг хараарай. Зэс нь дорхноо цухуйгаад ирнэ... Эрх мэдэлтэй болонгуутаа тэр танд яаж хандаж эхлэхийг нь хараад… түүнд ойр байх уу эсвэл зайгаа барих уу гэдгээ та шийднэ биз…
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.