
Завхан аймгийн баруун,баруун урд сумдаас гаралтай хүмүүсийг Сартуул-Хорезмоос олзлогдон ирэгсдийн хойчис гэж үзэх үзэл газар авч нийтээрээ үнэмшдэг болжээ. Нийтдээ 30 гаруй мянган хүн өөрсдийгөө Хорезмын хойд үр сад гэж итгэн Сартуул, Цэцэн-Сартуул овгууд ч авцгаасан. Ургийн овгоо Сартуулаар авцгаасан эдгээр иргэд Завхан аймгийн Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин,Цэцэн Уул, Сонгино, Түдэвтэй, Яруу, Увс аймгийн Завхан сумын нутагт амьдарцгаадаг. Чин үнэн гэвэл Сартуул гээд байгаа энэ хүмүүс Хорезм гүрэнтэй ямар ч холбоогүй.
Сартуул гэх нэршил анх санаандгүй гарч ирсэн байдаг. Тухайлбал Зөвлөлт Оросын судлаач эрдэмтэн Г.Е.Грум Гржимайло гэгч 1925 онд судалгааны бүтээлдээ Чингис хаан Хорезмыг байлдан дагуулаад маш олон олзлогдогч Монголд авчирч суурьшуулсан нь одоо болтол байгаа мэтээр тууж орхижээ. Өөрийнхөө бичсэнийг нотлохын тулд тэрээр Монголд ирсэн байдаг. Тэгээд Сарт Уул гэх нэртэй газар байгааг мэдээд түүнийг Хорезмтой холбох зохиолоо амжилттай бичин нутаг буцжээ. Үүнийг арай хожуу үеийн манай коммунист түүхчид, угсаатан зүй судлаачид шүүрэн авч Завхан аймгийхныг Хорезмжуулж Оросод тал зассанаар ийм ойлголт уламжлан үлджээ.
Ардын засгийн газрын үед аймаг хошуунуудыг шинэчлэн байгуулахад Сарт голын хошуу гэж анх бий болж байсан нь 1923 оны 10 сар. Хошууны тамга тэмдэг нь одоо улсын санд хадгалагдаж буй. Сар уул гэж одоо ч нутгийхан нь сүсэглэн дээдэлдэг сайхан хайрхан дүнхийж байна. Тэр ч байтугай Богд хаант Монгол улсын үед Сарт голынхон Засагт Хан аймгийн Сэцэн вангийн хошуу гэж нэрлэгдэж байж.
Бид Оросуудаар түүхээ зохиолгон түүндээ үнэмшин адгууслаг байдлаа хадгалсаар ирсээр байгаа. Хожимдоогүй байгаа дээрээ үүх түүхээ үнэн зөвөөр нь тогтоох хэрэгтэй юм.
Энэ түүхийн гол зангилаа Сарт гол маань ширгэж, сайршиж хувхайраад газрын зураг дээр Хөндлөнгийн булаг нэртэй болчихсон байна. Энэ нь Завхан Увс аймгийн зааг дээрхи хүн мал суурьшдаггүй эзгүй зэлүүд нутаг юм.
Х.Батжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Баасан
(66.181.161.27) 2021-04-22 13:24Аль нь зөв гэдгийг мэдэхээ байлаа...гол нь сайн нотлоод өгөөч?
Хариулах