Вашингтон Бээжин-2022 Олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлохоор болжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

АНУ 2022 оны 2-р сард болох Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлохоор болжээ. Цагаан ордноос мэдэгдсэнээр Хятадад хүний эрхийн ноцтой зөрчлүүд бүртгэгдсэнтэй холбоотойгоор АНУ Бээжин-2022 Өвлийн Олимпын наадам руу албан ёсны төлөөлөгдөө илгээхгүй байхаар шийджээ.

Нөгөөтэйгүүр Америкийн эрх баригчид тамирчдынхаа Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцох эрхийг нь хязгаарлахгүй бөгөөд ямар ч шийдвэр гаргасан АНУ-ын засгийн газар уг шийдвэрийг нь бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бээжингийн Олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлох талаар хэлэлцэж буй талаар мэдэгдсэн билээ. 

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Америкийн төрийн албан хаагчид, дипломатууд "БНХАУ-ын Шиньжаан муж дахь Хятадын эрх баригчдын харгислал, хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг мэдээгүй юм шиг өнгөрч чадахгүй." хэмээн онцолжээ. 

Өмнө нь Америкийн эрх баригчид ЗХУ Афганистанд цэргээ оруулсан явдлыг эсэргүүцэж, 1980 оны Москвагийн Зуны Олимпын наадмыг бойкотлож, тус Олимпын наадамд АНУ-ын баг тамирчид оролцоогүй билээ. Үүний хариуд ЗХУ болон тус улсын холбоотнууд 1984 оны Лос Анжелесийн Зуны Олимпын наадмыг бойкотлосон юм.  БНХАУ-ын зүгээс мөн адил АНУ-ын гаргасан шийдвэрт хариу арга хэмжээ авах болно хэмээн мэдэгджээ. 

Цагаан ордноос мэдэгдсэнээр Олимпын наадамд оролцохын тулд олон сарын турш бэлтгэл хийсэн баг тамирчдыг Олимпын наадамд оролцуулахгүй байх нь буруу гэж үзэж байгаа ч Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлосноороо Вашингтон Бээжинд анхааруулга өгч байгааг Хятадын эрх баригчид ойлгоно гэжээ. 

АНУ-ын хувьд 2028 онд Зуны Олимпын наадмыг эх нутагтаа зохион байгуулах юм. 

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын аль аль нь Хятадад бүртгэгдээд буй хүний эрхийн ноцтой зөрчлүүдтэй холбоотойгоор Бээжингийн Олимпын наадмыг бойкотлохыг шаардаж байсан ба Цагаан ордны шийдвэрийг хоёр намын гишүүд таатай хүлээн аваад байна. 

Вашингтон БНХАУ-ын Шиньжаан мужид аж төрж буй шашны цөөнх болох уйгурчуудыг Хятадын эрх баригчид хавчин дарамталж, хэлмэгдүүлж байна хэмээн буруутгаж байгаа ба түүнээс гадна Бээжин Хонгконг дахь улс төрийн эрх чөлөөг боогдуулж байна хэмээн үзэж байгаа юм. 

Сүүлд Хятадын талбайн теннисний тамирчин Пэн Шуай Хятадын шадар сайн асаны бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа нийгмийн сүлжээнд хуваалцаж, түүний пост удалгүй устгагдаж, Пэн Шуай тус мэдэгдлээ хийснээсээ хойш 2 долоо хоногийн турш алга болсон асуудал гарсан билээ. 

Эмэгтэйчүүдийн талбайн теннисний холбоо Пэн Шуайн аюулгүй байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэн Хятадад зохион байгуулагдах байсан бүх тэмцээн уралдаанаа цуцалсан юм. 

Их Британи болон Австрали улс мөн адил Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг бойкотлох асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиань Өвлийн Олимпын наадам нь улс төрийн байр сууриа илэрхийлдэг, улс төрийн зорилгоор ашигладаг тайз биш гэдгийг онцолжээ. 

Улс орнуудын төрийн тэргүүнүүд, дипломатууд зун болон өвлийн Олимпын наадамд оролцож буй баг тамирчдаа дэмжих зорилгоор Олимпын наадмын нээлт хаалтанд оролцож, тэмцээн уралдааныг үзэгчдийн суудлаас үзэж, баг тамирчдаа дэмждэг уламжлалтай билээ.

Өнгөрсөн зун болсон Токиогийн Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжихээр явсан АНУ-ын төлөөлөгчдийг АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден тэргүүлж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.