Хятадад газар хөдөлж, 65 хүн амь үрэгдлээ

Twitter Print
2022 оны 09-р сар 06-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Хятадад газар хөдлөлтийн улмаас 46 хүн амь үрэгджээ

Хятадын баруун өмнөд зүгт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, багадаа 65 хүн амь үрэгджээ. 

Газар хөдлөлт орон нутгийн цагаар өдрийн 1 цагт Сычуань мужид болсон ба газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байсан гэж мэдээлж байна. 

Газар хөдлөлтийн улмаас холбооны шугамнууд тасарч, хөрсний нуралт үүссэн нь ноцтой хохирол учруулсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. 

Газар хөдлөлтийн голомт Чэндү хотоос баруун өмнөд зүгт 226 км зайд Лудин засаг захиргааны нэгжид тогтоогдсон тухай Хятадын Газар хөдлөлтийн төвөөс мэдээлсэн байна. 

CCTV сувгийн мэдээлснээр Сычуань мужийн Яань хотод газар хөдлөлтийн улмаас 17 хүн, хөрш Ганзи засаг захиргааны нэгжид 29 хүн тус тус амь үрэгджээ. 

Түүнчлэн 16 хүн сураггүй алга болж, 50 хүн бэртэл гэмтэл авсан байна. 

Сычуань мужийн Чэндү хотын оршин суугчид коронавирусын халдварын тархалтаас болж өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөл хорионд орсон билээ. Газар хөдлөлт болох үед Чэндү болон хөрш Чунчин хотод барилга байгууламжууд хүчтэй чичирхийлсэн байна. Зарим газарт хөрсний нуралтаас болж зам боогдож, 100 мянга гаруй оршин суугчтай бүс нутагт харилцаа холбоо тасарч, Гарзэ болон Яаньд цахилгаан эрчим хүчний станцууд үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. 

Газар хөдлөлт болсон бүс нутагт 500 гаруй аврагчид ажиллаж байгаагаас гадна замын ажилчид хөрсний нуралтаас болж боогдсон замыг цэвэрлэх ажилд дайчлагджээ. 

Чэндүд газар хөдлөлтийн анхааруулга бүхий мессеж утсандаа хүлээн авсан иргэд айж сандарсандаа олон давхар орон сууцнуудаасаа сандралдан гүйж гарч байсан байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн 6-р сард Сычуань мужид газар хөдлөлт болсон юм. Тус муж газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд 2008 онд  Вэньчуанд болсон 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 70 мянган хүн амь үрэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.