Өмнөд хөршийн усны менежментийн гайхамшиг

Twitter Print
2023 оны 07-р сар 03-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Өмнөд хөршийн усны менежментийн гайхамшиг

Өнөөгийн Монгодчууд бидний дунд Хятад улсад тэр дундаа Бээжин хотод очиж үзээгүй хүн ховор байх. Гэвч Бээжин хэмээх асар том хот хэрхэн усаар хангагдаж, хэрхэн усаа үнэлэж, харамлаж, хэмнэж байдгийг тэр бүр мэддэггүй. Энэ удаад Бээжин Тианжин хэмээх агуу том 2 хот болон Хятадын хойд бүсийг усаар хангадаг, дэлхийд гайхагддаг УС-ны мега төслийн тухай танилцуулья.

Хятадын нутагт Шар мөрөн Хөх мөрөн хэмээх 2 том гол урсдаг ба хөх мөрний сав газар усны нөөц ихтэй, хур бороо арвинтай бол хойд хэсэг нь ус багатай, голууд нь үерлэх болон ган гачигт нэрвэгдэж хатаж ширгэх аюулд байнга өртдөг хэсэг байдаг. Эртний хаант улсууд цагаан хэрмийг барьж байгуулсан нь ч усны нөөцийн тэгш бус хуваарилалттай холбоотой байсан. Эртнээс, бүүр мэө 6-р зуунд урд хэсгийн усыг хойш нь татах суваг шуудуу барьж байгуулж эхэлсэн түүхтэй. Ялангуяа Монголын Юан гүрний үед Бээжин хотыг нийслэл болгосон үеэс энэ ус татах ажиллагаа эрчимжиж 700 км-ын урттай усны шуудуу татах ажлыг Хубилай хааны зарлигаар хийж гүйцэтгэсэн байдаг. (Grand canal буюу их суваг гээд уншаарай.)

Өнгөрсөн зууны Хятадын их удирдагч Мао Цэдун "Өмнөдөд ус арвин, харин хойно ус бага. Өмнөдөөс ус зээлбэл их сайн хэрэг болно." гэж 1950-аад оны үед бичиж байжээ. (Мао Цэдун Ю.Цэдэнбал даргатай уулзах үеэрээ Монголын 3 голын усыг урагшаа татаж Монголын өмнөд, Хятадын хойд хэсгийг усаар хангах тухай санал дэвшүүлж байсан байдаг.)

Хятадын усны мэргэжилтнүүд хэдэн арван жилийн турш судалгаа хийсээр энэхүү алсын зайнд ус шилжүүлэх мега төслийг эхлүүлэхээр болжээ. (Монголд ч орос унгар монголын мэргэжилтнүүд 30 жил судалгаа хийсэн.)

2002 онд Хятад улс усны тухай хуулиа баталж Өмнөд-хойд ус шилжүүлэх төслийг эхлүүлжээ. (манай улс 2004 онд усны хуулиа баталж 2005 оноос Усан сан барих ажлаа ярьж төлөвлөж эхэлсэн. энэ үед хоёр хөрш ойролцоо л байсан)

Энэхүү төслийн үйл ажиллагаа 2050 онд бүрэн дуусах төлөвлөгөөтэй ба төслийн үр дүнд 45 тэрбум кубметр өөрөөр хэлбэл 1400 м³/с усыг шилжүүлнэ. (Монголын хамгийн том гол болох Сэлэнгэ мөрөн маань 240 орчим м³/с урсацтай гэж үзвэл Сэлэнгэ мөрнийг 6-7 дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ус Хятадын хойд хэсэгт ирэх нь)

Алсын зайд ус шилжүүлэх төсөл нь Зүүн, Төвийн, Баруун гэсэн 3 чиглэлд хэрэгжихээс Зүүн болон Төвийн хэсгийн үйл ажиллагаа үндсэндээ дуусаад байна.

Зүүн чиглэлийн ус шилжүүлэх мега төслийн барилгын ажил нь 2002 оны 12 сард эхэлж 2012 онд дуусан Хөх мөрнөөс ус татан эртний Их Шуудуу болон газар доорх шугам хоолойгоор эхний эгнээнд Тианжин, мөн Бээжин хот орчмыг усаар хангахаар төлөвлөсөн. Гэвч усны бохирдлоос шалтгаалан төслийн ажил саатаж 2018 онд бүрэн дууссан байна. Энэ төслийн үр дүнд одоо 400 орчим м³/с ус өмнөд хэсгээс хойд хэсэгт ирж байна. (Туул гол 26м³/с гээд бод доо)

Төвийн чиглэлд Хөх мөрний цутгал гол болох Хай голоос ус татаж шугам хоолойгоор газрын уруу дагуу ус урсган эхний ээлжинд Бээжин улмаар Тианжин хотыг усаар хангана. Ийнхүү урсгахын тулд усан сангийн далангийн өндрийг 162-оос 176 метр болтол болтол өндөрсгөсөний улмаас усан сангий талбай ихээр нэмэгдэж, 300000 (!!!) хүнийг нүүлгэн шилжүүлж энэ их хүний орон байр хот суурин усанд автсан байна. (Манай Дархан Эрдэнэт хоёр хот маань нийлээд 210000 хүн амтай.) Мэдээж энэ нь ихээхэн хэл ам дагуулсан ч 300 сая хүнийг усаар хангахын тулд 300 мянган хүн нүүлгэх нь асуудад биш гэсэн яриа хүртэл гарсан байдаг. Мөн энэ чиглэлд Шар мөрөн буюу Хатан голын доогуур хоолой татсан нь техникийн гайхамшиг гэж тооцогддог. Дэлхийн зарим улсад метро ч тавьж чадаагүй байхад голын доогуур ус татах технологи хэдийнээ гарчээ. Төвийн чиглэлийн ажил 2004 онд эхэлж, 2008 он гэхэд 307 км-ыг тавьсан бол нийт ажлыг төлөвлөж байсан 2010 онд биш 2014 онд бүрэн дуусгажээ. Ийнхүү хоцорсон шалтгаан нь байгал орчны нөлөөллийн асуудал байлаа. 2014 он гэхэд энэ мега төсөлд 79 тэрбум доллар зарцуулжээ.

Баруун чиглэл нь хөх мөрөн болон меконг мөрнөөс ус авч Түвдийн өндөрлөгт хүргэх төсөл бөгөөд одоогоор эхлээгүй байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 3000-4000 метрийн өндөр уулсыг давах, асар олон усан сан барих учраас төлөвлөлт хийгдсээр байна.

Нэгтгээд хэлбэл өнөөдрийн байдлаар хятад улс өмнөд хэсгээс хойд хэсэгт алсын зайд ус шилжүүлэх (1000 орчим км) төслийн 2 чиглэлээ бүрэн хэрэгжүүлж Бээжин Тианжин тэргүүтэй хамгийн их суурьшил, аж үйлдвэр бүхий бүсээ усаар бүрэн хангаж эхлээд байна. Хэдхэн жилийн өмнө Бээжин хотод нэг хүнд ноогдох ус 120м³ буюу НҮБ-ээс тогтоосон хамгийн багадаа 500м³ байх ёстой хэмжээнээс хамаагүй бага байгаа нь хүний эрх зөрчиж байна гэж яригдаж байсан бол одоо байдал эрс сайжирчээ. Хүний эрх гэдэг усаар хангагдахаас эхлэнэ гэдэг энэ буюу. Мөн газрын доорх усны түвшин жилд 2-3 метрээр доошилж байсан аюул түүх болон үлджээ.

Эдгээр төслийг анх ярьж, байгуулж эхэлж байхад нь Монголчууд бид ч адилхан ярьж, төлөвлөж хамтдаа хурал зөвлөлгөөнд сууж маргаж мэтгэлцэж байсан. Харамсалтай нь бид эхлүүлээгүй, харин урд хөрш маань дуусгасан. Бидний ярьдаг усны тухай тоо баримтууд яг л хэвээрээ, харин Хятадын ус хангамжийн тоог 20 жилийн өмнөхтэй харьцуулбал тэнгэр газар шиг. Ялгаа нь бид хөгжиж чадсангүй байрандаа л эргэлдсээр, харин хятадууд дэлхийд тэргүүлэх хөгжлийг бий болгосон. УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР, СУУРЬ гэж яриад үглээд байгаа минь энэ юм шүү дээ.

Хятадтай барьцах харьцуулах хэрэггүй ээ гэж намайг шүүмжилж магадгүй, үнэн гэхдээ бидэнд ийм агуу том, асар үнэтэй төсөл хэрэггүй. Харин Туул гол дээрээ, Хэрлэн мөрөн дээрээ, Орхон гол дээрээ усан сан барьж чадвал ёстой жинхэнэ хөгжлийн галт тэргэнд суух болно. Бид 30 сая доллараар (90 тэрбум төгрөг) Гэгээн нуураа бий болгож чадсан. Тэгвэл 300 сая доллар буюу 900 тэрбум төгрөгөөр 10 Гэгээн нуур барихад л Монгол орны хөгжил дэвшил сэвхийтэл татсан мэт өндийнө. Ганцхан Гэгээн нуур Туул гол дээрээ барихад л Улаанбаатарын усан хангамж эрс сайжирч, нийслэлээ нүүлгэх, проблем шийдэх тухай биш харин хөгжүүлэх метро барих тухай ярих боломжтой болох юм.

20 жилийн өмнө адилхан ярьж төлөвлөж суусан бол одоо нэг хөрш нь байрандаа нөгөө хөрш нь хөгжлийн галт тэргэнд суусан байгаа шалтгаан нууц нь болсон УС-ны тухай цухас дурдахад энэ буюу.

Хөгжөе гэвэл УС-аа

Хүнээ гэвэл бас л УС-аа хуримтлуулах, хайрлах, ашиглах хэрэгтэй гэдгийг дэлхийн жишээ харуулсаар...

Зэнээмядарын Батбаяр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.