Цэвэршилт ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг

Twitter Print
2023 оны 10-р сар 24-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

ЦЭВЭРШИЛТ ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭНД НӨЛӨӨЛДӨГ

Хүйтний улиралд зарим хүн халтирч унаад яс нь хугарч байхад зарим хүн унаад зүгээр байдаг нь уналтын хүч нөлөөлөхөөс гадна ясны бат бөх чанар чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл сийрэгжсэн яс хугарах эрсдэл өндөр. Ийм учир ясны сийрэгжилтийн талаар товч зөвлөгөө хүргэе.

Насанд хүрсэн хүний бие 206 яснаас тогтдог. Яс нь тулгуур хөдөлгөөний үүрэгтэйгээс гадна ясны чөмгөнд цус төлжүүлэх, эрдэс ион нөөцлөх физиологийн үүрэгтэй. Ясны бүтцийн 90 хувийг кальци, фосфор, коллаген уураг зэрэг эс завсрын бодис, 10 хувийг нь ясны остеобласт, остеокласт, остеоцит эсүүдээс тогтоно. Остеокласт эс нь ясны бүтцийн шаардлагагүй болсон хэсгүүдийг өөрөөсөө хүчиллэг фермент ялгаруулж хайлуулдаг бол остеобласт эс нь шинээр яс үүсэхэд оролцдог. Яс хайлуулах остеокласт эсийн үйл ажиллагаа хэт идэвхжээд ирвэл ясны нягтаа хайлуулж ясны эдэд хөндий үүсэж ясны бат бөх чанар алдагдаж хугарамтгай болдог. Үүнийг ясны сийрэгжилт буюу Остеопороз гэж анагаах ухаанд нэрлэдэг.

Яс сийрэгжих шалтгаанд хоол хүнсээр эрдэс бодис хангалттай авахгүй байх, хангалттай эрдэс бодисоо авлаа гэхэд хоол боловсруулах замын эмгэгээс шалтгаалж бүрэн шимэгдүүлж чадахгүй байх, бүрэн шимэгдлээ гэхэд элгэнд нийлэгждэг витамин д, бусад холбоот уургийн синтез дутмагаас болж кальци ясны эдэд очиж чадахгүй гэх зэрэг шалтгаануудын улмаас ясны сийрэгжилт үүсдэг.

Дээрх шалтгаанаас гадна ясны сийрэгжилтэнд нөлөөлөх хүчин зүйлс гэж бий. 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд ясны сийрэгжилт үүсэх нь нэмэгддэг. Энэ нь цэвэршилтийн үед эстроген дааврын ялгарал буурсантай холбоотой. Эстроген даавар буурах үед яс хайлуулах остеокласт эсийн идэвх нэмэгддэг байна. Тэр дундаа эрт цэвэршилт буюу 45-аас доош насанд цэвэршилт явагдаж эхэлсэн бол ясны сийрэгжилтэнд өртөх өндөр эрсдэлтэй. Ахмадууд тэр дундаа эмээ нарт дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал их тохиолддог нь 55-аас хойш эстроген даавар буурч эхэлсэнтэй холбоотой.

Ясны сийрэгжилт нь насжилт, хүйстэй холбоотой байхаас гадна бидний өдөр тутмын дадлуудаас шууд хамааралтай. Тамхи татах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, үе мөчний үрэвслийн үед хэрэглэдэг преднизолон эм, бамбайн дааврын үед хэрэглэдэг л-тироксин эмийг удаан хэрэглэх үед яс хайлуулах остеокласт эсийг идэвхжүүлж ясыг сийрэгжүүлдэг. Үүнээс гадна хийжүүлсэн ус, ундаа тогтмол хэрэглэх үед нүүрсхүчлийн давхар исэл нь цусан дахь кальцитай холбогдсноор ясруу очих үйл явцыг алдагдуулж кальцийг шээсээр гадагшлуулдаг. Энэ нь яс сийрэгжих нэг шалтгаан болдог байна. Иймд хоол хүнсээрээ кальци, витамин д хангалттай авахаас гадна хөдөлгөөн хийж ясанд ачаалал өгч яс бүтээх остеобласт эсийг идэвхжүүлж байх нь чухал. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд эстроген дааврыг биед үүсгэхийг дэмжихийн тулд фитоэстроген агуулсан (шар буурцаг) хүнс хэрэглэх нь чухал.

Ясны сийрэгжилтийг чимээгүй тахал гэж нэрлэдэг нь онцлох шинж тэмдэггүйгээр явагддагтай холбоотой. Өвчин хүндрээд ирэх хожуу шатанд булчин янгинах, хөл гар өвдөх, багана нуруу бөхийх шинж илэрдэг. Эрт илрүүлэхийн тулд рентген зураг авахуулах шаардлагатай тохиолдолд MRI хийлгэх, ясны нягт тодорхойлох денситометр хэмжилт хийлгэх, цусанд эрдэс бодисын хэмжээ үзүүлэх шаардлагатай.

Химийн синтетик аргаар бус хүнснээс гаргаж авсан кальци, хүнсний нэмэлт хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь ийм кальци эдэд очиж хуримтлагдахгүй шимэгдэлт болон үйлчлэх биологийн идэвх өндөртэй.

Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.