Амьдрал ба автобус

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Би автобусны байнгын үйлчлүүлэгч. Олон түмэнтэйгээ автобусанд шахцалдаж, түлхэлцэж, нудралцаж явахдаа миний Монголын ѳнѳѳгийн аж байдлыг сэтгэл зүрхээрээ мэдэрнэ.

*Автобус бол хурд, хүч, тэнцвэрийн гайхамшиг

Нийтийн тээврийн автобуснууд зогсоолд ирмэгцээ хурдаа нэмж, үйлчлүүлэгчдээсээ зугтаж холоо очиж зогсоно. Үйлчлүүлэгчид нь уралдан гүйлдэж, барианд орох тамирчин мэт хаалгаар чихэлдэн автобусанд орцгооно. Аз таарч суудал олдвол тухална, суудал олдохгүй бол хүч тэнцвэрийн гайхамшгийг мэдэрдэг. Уралдан довтолгох автобуснууд гэнэт гэнэт тоормослох бүрийд годройтон унахгүйгээр тогтож чадна гэдэг их ѳндѳр чадвар. Хѳлдѳѳ мѳрний хэмжээний зай авч ямар нэгэн бариулаас чанга атгаж явах нь автобусан дотор “Хэрвээ ѳѳрийн буруугаас болж унавал жолооч хариуцлага хүлээхгүй” гэж бичсэн сануулгыг мѳрдѳж байгаа хэрэг. Автобусан дотор гэнэт унаад бэртвэл жолооч хариуцлага хүлээхгүй учир, хариуцлага ѳѳртѳѳ үүрч буй үйлдэл. Харин зорчигчдыг “мах ачиж” буй мэт чигжсэн тохиолдолд урд руугаа зүтгэх, буух буудалдаа буухын тулд хаалга руу дѳхѳж очихын тулд маш их хүчийг зарцуулна. Ѳѳ тэгээд заримдаа ѳѳрийн бие нь жингүйдэлд буй мэт агаарт зѳнгѳѳрѳѳ хѳвѳх ч тохиолдол зѳндѳѳ.

*Автобус бол хүмүүсийн зовлон жаргалаа тоочих орон зай

Автобусанд зорчиж буй хүмүүс гар утсаараа ярихдаа заавал спикер дээр нь эсвэл дүрсээ харж чангаар ярилцдаг. Энэ үед ѳѳрийн мэдэлгүй тэр хүмүүсийн амьдралд умбаж, зовлон жаргалыг нь хамтдаа эдлэх нигууртай. Хэн нэгэн муудалцсаны улмаас гэртээ харихаа больж байгаа тухай, хэн нэгэн зээлээ тѳлж чадахгүй новширч буй тухай, хэн нэгний идэш нь хѳдѳѳнѳѳс гараад замдаа явж буй тухай, хэн нэгний хүүхэд нь гадаадад байгаа болохоор байнга мѳнгѳ явуулж түүгээр нь баян тарган амьдардаг тухай, хэн нэгний нѳхѳр нь урд шѳнѳ архи ууж ирсэн болохоор түүнийг хэрхэн залхаан хашраах тухай, хэдүүлээ ойрын үед уулзаж аль нэгэн амралтын газар самрах тѳлѳвлѳгѳѳний тухай, аль нэгэн нууц амрагийн зовлон жаргалын талаар эрээ цээргүй ил тод хуучилцгаадаг.

Та хүссэн ч эс хүссэн ч энэ их зовлон дунд ѳѳрийн мэдэлгүй шаналж тарчилна. Заримдаа автобусанд согтуу нэгэн орж ирж хүмүүст агсам тавина. “Та нар муусайнууд болж би зовж шаналж архи ууж байна. Ѳѳдтэйхэн тѳр засагтай бол би амьдралаа аваад явах байсан” гэж шүлсээ үсчүүлэн хашхирахад нь би ѳѳрѳѳ буруутай мэт санагдан харцаа бууруулан цонхоор ширтэх аж. Олон түмэнтэйгээ хамтдаа зорчиж хүн хүний элдэв ярианд умбасаар буудалдаа буух дор сэтгэл санаа аль хэдийн хямарсан байх бѳлгѳѳ.

*Хуучин автобус ба сагсуу жолооч

За тэгээд автобусанд суусан бол жолоочийн бүрэн мэдэлд орно шүү дээ. Бохир заваан хуучин автобус хар хурдаараа уухичин, чийхран бусад автобуснуудтай уралдана. Урдуур нь ямар нэгэн машин хамраараа хатган зүтгэх бүрийд огцом огцом тоормослон хараал урсгана. Хар бага наснаасаа морь унан уралддаг байсан дадлынх юм болов уу? Автобусанд хүн тээвэрлэж яваа гэдэг бодол огт үгүй түүнд жаахан аяархан явахыг гуйвал “Солиороод бай, би явдгаараа явж байна. Дургүй чинь хүрээд байгаа бол буугаад таксигаараа явахгүй юу?” хэмээн дарамтлуулан хувь заяатайгаа эвлэрэхээс ѳѳр сонголтгүй. Олон жилийн ѳмнѳ микро автобус жолоодон мѳнгѳ олохын тулд хүнээ чихэж, хар хурдаараа уралдан давхилдаж байсан нѳхдүүд ѳдгѳѳ автобусны жолооч хийж буй мэт. Автобус жолоодож явахдаа утсаараа хамаг л асуудлаа ярьж, элдэв хараал зүхэл урсгах жолооч нар үнэхээр атаман. Ядаж байхад тэднээс хир, тамхины эхүүн үнэр салахгүй.

*Автобус түгжрэлээс аврах уу?

Улаанбаатарын түгжрэл хүн бүрийг залхааж буй энэ цаг дор нийтийн тээврийн шинэчлэл нэгэн шийдэл болно гэж эрх мэдэлтнүүд ярьж буй бололтой. Бас нэлээдгүй мѳнгѳ зарцуулна гэнэ.

1. Нийтийн тээврийн автобуснуудаа шинэчлэх шаардлагатай байна.

2. Жолооч нараа тусад нь бэлтгэж тэдэнд тусгай үнэмлэх олгон хариуцлага тооцох хэрэгтэй байна.

3. Зорчигчдын тав тухыг хангах хэрээр тэднийг ч соёлд сургах хэрэгтэй байна.

4. Нэгдүгээр эгнээгээ байнга хянаж нийтийн тээвэр түгжрэхгүйгээр явах боломжид анхаарах хэрэгтэй байна.

5. Автобуснууд хотын тѳв орчмоор богино эргэлтээр тасралтгүй явж тэндээсээ хотын зах руу явах маршрутад шилжих боломж олгох хэрэгтэй юм шиг байна.

Төсөөллийн нийтийн тээвэр

Дандаа муу байна гэж юу байх вэ?

-Нийтийн тээврийн автобуснуудын одоогийн маршрутууд аль ч цэгтээ хүрэлцээтэй болсон байна билээ.

-Туршилтын маягаар явж буй цахилгаан автобуснууд дуу багатай тохилог байна.

-Гар утаснаасаа аппликэйшн ашиглан суух гэж автобус маань хаана явааг харж чаддаг болсон нь хамгийн их таалагдаж байгаа.

…Улаанбаатарын түгжрэл, авто машины зогсоол хүрэлцээгүй байдлын улмаас автобусаар зорчих нь хамаагүй амар байна л даа. Заримдаа автобусан дотор хэн нэгний аз жаргалтай яриаг сонсохоор сэтгэл сайхан болдог шүү хэхэхэ. Харин тѳрийн албан хаагчид болон дарга нар бүгдээрээ автобусаар зорчдог болчихвол ѳѳрчилж сайжруулах олон боломжуудыг олж харна даа. Бидний амьдралын нэгэн хэсэг болсон автобуснууд сайжрах болтугай!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.