
БНСУ-д үер, усны аюулаас болж 26 хүн амиа алджээ
БНСУ-ын Умард Чунчён мужийн Чонжү хотод үргэлжилсэн аадар борооны улмаас газар доорх авто замын хонгил усанд автаж, аврагчид тухайн хонгилд гацсан иргэдийг гаргаж авахаар ажиллаж байна.
Хонгилд чухам хэдэн хүн гацсан нь тодорхойгүй байгаа ч хонгилд 19 орчим автомашин байгаа гэсэн мэдээлэл байгаа аж.
Чонжү хотод ажиллаж байгаа онцгой байдлын албаныхан авто замын хонгил усаар маш хурдан дүүрсэн тул хонгилд байсан жолооч, зорчигчид амжиж гарч чадаагүй гэдгийг онцолжээ.
Үргэлжилсэн аадар борооны улмаас үүссэн үер, усны аюулын улмаас БНСУ даяар 26 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй алга болоод байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр зөвхөн өнгөрсөн бямба гарагт л гэхэд БНСУ даяар 300 мм хур тунадас оржээ. БНСУ-ын Цаг уурын албаны мэдээгээр тус улсад жилдээ дунджаар 1000 мм-1800 мм хур тунадас ордог аж.
Үерт автсан бүс нутгуудад байшин барилгууд усанд автаж, хөрсний нуралт үүссэн байна.
Орон нутгийн захиргаануудаас гаргасан захирамжаар олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн ба БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дуксу зэвсэгт хүчнээс аврах ажиллагаанд туслахыг хүссэн байна.
Умард Чунчёнд үерийн ус Гёсан далангаас хальж эхэлсэнтэй холбоотойгоор 6400 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Ёнхап агентлагаас мэдээлж байна.
Далангийн ойролцоо байрдах тосгонууд болон авто замууд усанд автсан байна.
Өнгөрсөн баасан гарагийн орой Умард Чунчён хөрсний нуралтын улмаас галт тэрэг замаасаа гарсан тохиолдол бүртгэгджээ. БНСУ-ын төмар замын оператор Корэйл компани энгийн бүх галт тэрэгнүүд болон зарим хурдны галт тэрэгнийхээ ажиллагааг зогсоосон байна.
БНСУ-ын Цаг уурын алба бороо ирэх лхагва гараг хүртэл орох төлөвтэй байгааг анхааруулсан байна.
Сүүлийн 14 хоногийн байдлаар үргэлжилсэн аадар борооны улмаас Энэтхэг, Хятад, Япон зэрэг орнуудад үер, усны аюул нүүрлэсэн ба цаг агаарын уг аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэх болсон гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт хэмээн эрдэмтэд онцолсоор байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.