
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын улс орнууд болон АНУ-ыг худалдаж авсан коронавирусын эсрэг вакциныхаа 5 хүртэлх хувийг хөгжиж буй орнуудад хандивлахыг уриалжээ.
Тэрээр Файнаншнл Таймс сонинд өгсөн ярилцлагадаа коронавирусын эсрэг вакциныг тэгш бус хуваарилснаар улс орнуудын эрх тэгш байдлыг зөрчсөн явдал болно хэмээн онцолжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар хийгдсэн коронавирусын эсрэг вакцины дийлэнх нь өндөр орлоготой улс орнуудад хийгдээд байгаа билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ асуудлыг энэ баасан гарагт болох "Их-7"-гийн цахим чуулганаар хөндөнө гэдгээ илэрхийлсэн байна.
Цагаан ордноос мэдээлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ковакс хөтөлбөрт 4 тэрбум ам. долларын тусламж дэмжлэг үзүүлэх талаараа удахгүй мэдэгдэл хийх гэнэ. Мөн "Их-7"-гийн чуулганыг удирдах Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Ковакс хөтөлбөрт илүү гарсан коронавирусын эсрэг вакцинаа хандивлахаар төлөвлөж байгаа аж. Америкийн Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусын халдвар авсан 110 сая тохиолдол бүртгэгдсэнээс 2.4 сая гаруй нь уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа билээ. Өнгөрсөн лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш коронавирусын эсрэг вакцины хүртээмж тэгш бус байна хэмээн, дэлхийн 10-хан улсад вакцинжуулалт өргөн хүрээг хамран явагдаж байхад 130 улсад коронавирусын эсрэг вакцины ганц ч тун хийгдээгүйг онцолжээ.
Түүнчлэн чинээлэг орнууд коронавирусын эсрэг вакциныг олноор худалдан авч, нөөцөлснөөр ядуу буурай орнууд вакцингүй хоцорч байгаа талаар дурджээ. Жишээ нь Их Британи, Канад зэрэг орнууд хүн амаа бүгдийг нь нэгээс олон удаа коронавирусын эсрэг вакцинд хамруулахад хангалттай хэмжээний вакцин захиалсан байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд коронавирус эсрэг вакциныг тэгш хуваарилахаас нааш коронавирусын цар тахлыг хяналтанд авч чадахгүй гэдгийг онцолсоор байгаа билээ. Тийм ч учраас энэ удаагийн "Их-7"-гийн цахим чуулганаар улс орнуудын удирдагчид өндөр ба бага орлогото улс орнууд дахь коронавирусын эсрэг вакцины хүртээмжийн тухай хэлэлцэх юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.