
Энгийн лакаар хумс будахад дээд тал нь 5 хоноод хуулардаг. Харин гелин будаг үйлдвэрлэгчид чанартай суурь бүтээгдэхүүн (праймер, бонд, бэйс, топ гм) хэрэглээд, ном журмын дагуу зөв будахад гелин будаг энгийн лакнаас 4 дахин удаан тогтоно гэж үзэж үйлдвэрлэж, худалдаанд гаргадаг.
Тэр ч утгаараа гелин будагны стандарт тогтоц 2 долоо хоног, хамгийн удаандаа 3 долоо хоног байдаг. Тэрнээс илүү удаан тогтож байгаа бол гелин будагны орц найрлагад аливаа нэг бодис хэвийн хэмжээнээс их, аль эсвэл цэвэрлэгээнээс эхлээд будалт дуусах хүртэлх ямар нэгэн процессийг буруу техникээр хийж (жишээлбэл, праймер/бондыг зузаан түрхэх, хумсны гадаргууг хэт их үрж барзайлгах, бэйс буюу суурийг 2 давхарлах, гель нэмж түрхэх, топыг давхарлаж түрхэх г.м), нэг ёсны хүчээр тогтоцыг удаашруулж байна гэсэн үг гэнэ.
Хэдийгээр будалт тань хөндийрөөгүй, хуулраагүй, харьцангуй гоё хэвээр байгаа ч гэсэн будуулаад 3 ДОЛОО хоног болсон л бол та будгаа ЗААВАЛ арилгах шаардлагатай.
Гелин будгийг хумсан дээрээ 3 долоо хоногоос илүү удаан байлгах нь таны хумсны эрүүл мэндэд дараах эрсдэлийг учруулна. Үүнд:
1. Таны өөрийн хумс нимгэрнэ, хугарамтгай болно.
2. Хумсны мах, хумсны өндөг хөндүүрлэж өвчтэй болно.
3. Гелин будаг хумснаас хөндийрч эхэлмэгц чийг орж эхэлдэг. Будагны доор чийг дааснаар бактери үржих таатай нөхцөл бүрдэж, цаашлаад мөөгөнцөрдөх, хумсны олон төрлийн өвчлөл үүсэх эрсдэл ихэснэ.
4. Гелин будаг гэрэлд удаан байх тусам улам хатуурч бэхжиж байдаг. Өөрөөр хэлбэл, гелин будаг таны хумсан дээр 3 долоо хоногоос удаан байх тусам нарны шууд тусгал, бидний эргэн тойронд байнга байж байдаг хэт ягаан (UV) туяанд улам бүр хатаж, хатуурдаг гэсэн үг. Ингэж удаан хугацаанд хатаж хатуурсан хумсыг азтоноор дэвтээж арилгахад удахаас гадна, салахдаа нүдэнд харагдахгүй хумсны өнгөн давхарга давхар хуулагдаж, хумс нимгэрч, гэмтэж, эмзэгшдэг байна.
Эцэст нь, чанартай гелин будгаар зөв техникээр, ном журмынх нь дагуу будахад хумс гэмтэхгүй ээ. Хамгийн гол нь гелин будгаа хамгийн ихдээ 3 ДОЛОО хоногоос хэтрэлгүй, болж өгвөл мэргэжлийн хүнээр, болохгүй бол өөрөө гэртээ зөв техникээр арилгах нь л хамгийн чухал шүү!
Хумсаа эрүүл байлгая гэвэл гелин будгаа яаж 1 сар, 2 сар тогтоох вэ гэдэг бодлоо л хамгийн түрүүнд авч хаяцгаая.
Pola salon
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.