
Дэлхий даяар эрчим хүчний үнэ нэмэгдэж, Европын зарим улс орнууд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрээд байна. Бүгд Найрамдах Косово улс үнийн өсөлтийн улмаас эрчим хүч импортлох боломжгүй болсноо зарлажээ.
Косовогийн эрчим хүч түгээх компаниас хийсэн мэдэгдлийн дагуу хэрэглэгчдэд 2 цагийн завсарлагатайгаар нэг дор дээд тал нь 6 цаг цахилгаан эрчим хүч ашиглахыг зөвшөөрөх аж.
Энэхүү цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хэдий болтол болтол үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ба Косовод одоогийн үнээр эрчим хүч импортлох мөнгө байхгүй гэжээ.
Косовогийн дотоодын эрчим хүчний станцууд нь бүгд нүүрсээр ажилладаг бөгөөд шаардлагатай цахилгаан эрчим хүчний зөвхөн 2/3-ыг л хангах чадалтай аж.
Косово нь Европын хамгийн жижиг бөгөөд ядуу улс орнуудын нэгд тооцогддог ч цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрсэн нь Европын бусад улс орнуудад ийм нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн айдсыг төрүүлээд байна.
ОХУ Украин руу довтолсноос хойш эрчим хүчний үнэ огцом өсч, Европын улс орнуудын удирдагчид хийн хэрэглээгээ бууруулах, шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тогтоох тал дээр зөвшилцөлд хүрсэн билээ.
Өвөл ойртож, ОХУ-Украины асуудал ойрын хугацаанд шийдэлд хүрэх төлөв байхгүй, эрчим хүчний үнэ нэмэгдсээр байгаа энэ үед Их Британийн айл өрхүүдийн энэ өвлийн цахилгааны төлбөр ойролцоогоор 4000 гаруй фунт стерлинг буюу монгол төгрөгийн ханшаар 15 сая гаруй төгрөг гарах төлөвтэй байна.
Косовод нөхцөл байдал хүнд байгаа нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг цахилгаан эрчим хүчний станцуудын тал орчим хувь нь хуваарьт засвар үйлчилгээндээ орж, үйл ажиллагаагаа зогсоосон байгаа аж.
Косовогийн засгийн газар цахилгаан эрчим хүчний хямралын эсрэг тэмцэж, эрчим хүчний хязгаарлалт тогтоохын тулд энэ сарын эхээр 60 хоногийн онц байдал зарласан билээ.
Өнгөрсөн 12-р сард цаг агаар цочир хүйтэрч цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөнтэй холбоотойгоор Косовогийн засгийн газар мөн л цахилгаан эрчим хүчний хязгаарлалт тогтоож байжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.