
Tesla компанийн Шанхай дахь шинэ үйлдвэрийн үйл ажиллагаагаа энэ сард албан ёсоор эхэлсэнээр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск автомашины хамгийн том зах зээл болох Хятадад машин үйлдвэрлэх зорилгоо биелүүлээд байна.
Түүнчлэн тэрээр Европт нээх шинэ үйлдвэрийнхээ талаарх мэдээллийг энэ жилийн сүүлээр өгнө гэдгээ мэдэгдээд байгаа аж. Үйл ажиллагаагаа олон улсад өргөжүүлэн тэлсэнээр Tesla компани дэлхийн автомашины томоохон зах зээлтэй улс орнуудад ойртож, шинээр хэдэн 10 сая худалдан авагчтай болох боломжтой болох юм. Тус компанийн Шанхай дахь үйлдвэрийн бүтээн байгуулалт богино хугацаанд буюу 10-хан сарын дотор дуусч, ашиглалтад орсоныг мэргэжилтнүүд онцолжээ.
Бээжинд төвтэй Сино Авто Инсайтс Консалтингийн фирмийг үүсгэн байгуулагч Тү Ле энэ талаар, "Хятадад амьдардаг хүний хувьд хэлэхэд Хятадад ямар нэгэн юм ийм хурдан хугацаанд бүтдэггүй учраас гайхсанаа нуух юун. АНУ, Европтой харьцуулахад Хятад бол маш том зах зээл. Хятадад амжилт олж чадахгүй бол Илон Маск зорилгодоо хүрч чадахгүй л гэсэн үг." хэмээн ярьжээ. Tesla компанийн хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын засгийн газраас маш их дэмжлэг авсан ба Хятадын талаас ямар нэг хамтрагчгүйгээр Хятадад үйлдвэрээ нээсэн гадаадын анхны автомашин үйлдвэрлэгч компани болсон юм.
Түүнчлэн Хятадын эрх баригчид тус компанийн зарим автомашиныг татвараас чөлөөлсөн болохыг Тү Ле онцолжээ. Tesla компани өөрийн хувьцаа эзэмшигчдээ илгээсэн захидалдаа Хятад дахь үйлдвэр АНУ дахь Tesla Model 3 загварын машины үйлдвэрээс даруй 65 хувиар бага өртгөөр боссон болохыг дурдсан байна. Шанхай дахь Tesla компанийн үйлдвэрийн эхний зорилго нь жилдээ 250 мянган автомашин үйлдвэрлэх гэнэ.
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.