Энэтхэг Тереза эхийн үүсгэн байгуулсан сангийн гадаадын санхүүжилтийг зогсоожээ

Twitter Print
2021 оны 12-р сар 30-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн засгийн газар Тереза эхийн үүсгэн байгуулсан сангийн гадаадын санхүүжилтийн зөвшөөрлийг сунгаж өгөхөөс татгалзжээ.

Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг "Тереза эхийн эгч дүүс" нэртэй хандивын сангийн мянга мянган гэлэнмаа нар өнчин болон гэр оронгүй хүүхдүүдийн асрамжийн газар, сургууль, эмнэлгүүд болон хосписуудыг ажиллуулдаг байна.

Зул сарын өдөр Энэтхэгийн Дотоод хэргийн сайд "Тереза эхийн эгч дүүс" сангийн гадаадын санхүүжилтийн зөвшөөрлыг сунгаагүй гэдгээ мэдэгджээ. Хиндү шашинтнууд Тереза эхийн сан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан энэтхэгчүүдийг христийн шашин руу урвуулдаг хэмээн буруутгасаар ирсэн билээ.

Тереза эхийн үүсгэн байгуулсан уг сан өнгөрсөн даваа гарагт гадаадын санхүүжилтийн зөвшөөрлийг нь Энэтхэгийн засгийн газраас сунгахаас татгалзсан, нөхцөл байдал шийдэгдэх хүртэл гадаадаас ямар ч санхүүжилт авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэтхэгийн Калькутта хотод төвтэй уг санг төрөлх Македони улсаа орхин Энэтхэг улсад нүүж очсон католик шашны гэгээнтэн Тереза эх 1950 онд үүсгэн байгуулжээ.

"Тереза эхийн эгч дүүс" сан нь дэлхийд хамгийн алдартай католик шашны сан юм. Хүмүүнлэгийн үйл хэргээрээ 1979 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Тереза эхийг өөд болсноос хойш 19 жилийн дараа буюу 2016 онд Ромын Пап лам Франциск түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн билээ.

Нарендра Модигийн засгийн газар Энэтхэгт үйл ажиллагаа явуулж буй сан, төрийн бус байгууллагуудын гадаадаас санхүүжих явдлыг зогсоох зорилт тавиад байгаа ба өнгөрсөн жил Энэтхэгийн эрх баригчид Грийнпийс, Эмнести Интернэйшнл байгууллагуудын Энэтхэгийн банкан дахь дансыг царцаасан аж.

Энэтхэгт шашны цөөнх болох христийн шашинтнууд руу халдах, хавчин дарамтлах явдал элбэг гардаг аж. Энэтхэгийн нийт хүн амын дйилэнх нь Хиндү шашин шүтдэг ба хүн амынх нь 2 хүрэхгүй хувь нь буюу 24 сая хүн Христийн шашин шүтдэг аж.

Энэтхэгийн эрх баригчид Хиндү шашинтнуудыг Христ болон Лалын шашинд урвуулах явдлыг таслан зогсоох зорилт тавиад байгаа ба хэд хэдэн муж гэрлэлтийн улмаас шашнаа сольдог явдлыг хориглосон байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.