В.Путин Оросын цөмийн далавчит пуужингийн туршилт амжилттай болсон гэлээ

Twitter Print
2023 оны 10-р сар 06-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод болж буй "Валдай" олон улсын хэлэлцүүлгийн клубын чуулга уулзалтанд оролцох үеэрээ ОХУ-ын "Буревестник" нэртэй цөмийн далавчит пуужингийн сүүлийн шатны туршилт амжилттай явагдсан тухай мэдэгджээ.

Энэ сарын эхээр Нью Йорк Таймс сонин хиймэл дагуулсан авсан зурагнуудаас үндэслэн ОХУ Хойд мөсөн далай дахь Шинэ газар арлууд дээр "Буревестник" цөмийн далавчит пуужингийн туршилт явуулсан эсвэл явуулах гэж буй талаар бичиж байсан юм.

"Буревестник" пуужингийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин анх 2018 онд дурдаж байсан ба тэрээр тус далавчит пуужингийн байршлыг тогтоох хэцүү бөгөөд тус пуужингийнх нь тусгалд хязгаар бараг үгүй хэмээн онцолж байсан юм.

Америкийн эх сурвалжууд Оросын цөмийн далавчит пуужингийн туршилтуудын дийлэнх нь амжилтгүй эсвэл хэсэгчлэн амжилттай болсон тухай мэдээлж байсан аж.

Түүнчлэн В. Путин "Сармат" нэртэй тив алгасах баллистик пуужингийн ажил бараг дууссан хэмээн мэдэгджээ. Нөгөө талаас Ерөнхийлөгч В. Путин ОХУ-ын зэвсэгт хүчин ямар нөхцөлд цөмийн зэвсэг ашиглах тухай бодлогоо өөрчлөхгүй гэдгийг онцолж, эрүүл саруул ухаантай хэн ч бай Орост цөмийн цохилт үзүүлэхгүй гэжээ.

"Валдай" клубын чуулга уулзалтын үеэр В. Путин онгоцны ослоор нас барсан Вагнер группын үүсгэн байгуулагч Евгений Пригожины талаар мөн дурдсан байна. Түүний хэлснээр тус онгоцны ослоор нас барсан хохирогчдын биенээс тэсрэх бөмбөгний хэлтэрхийнүүд олдсон аж. Тиймээс онгоцонд гаднаас пуужингаар цохилт үзүүлсэн нь үнэнд нийцэхгүй гэжээ. Түүний үзэж байгаагаар тус онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн цогцоснуудаас архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ авах ёстой аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.