
НҮБ-ын Пакистаны дүрвэгчдийг дэмжих агентлагийн тэргүүн Филип Лаззаринигийн мэдэгдсэнээр өнгөрсөн 3 долоо хоногийн хугацаанд Газын зурваст 3200 хүүхэд амь үрэгдсэн нь 2019 оноос хойш дайны бүсэд жил бүр амиа алддаг хүүхдүүдийн тоог даваад байгаа аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел Газын зурваст өдөр тутам 420 гаруй хүүхэд амиа алдаж эсвэл шархдаж байгааг онцолсон байна.
Нөгөө талаас Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху галаа зогсоохоос татгалзсан байна. Түүний хэлснээр галаа зогсоох нь "ХАМАС-т ялагдсанаа хүлээн зөвшөөрөхтэй адил" бөгөөд израильчуудын хувьд дайтах цаг нь ирсэн гэжээ.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар Газын зурвас дахь нөхцөл байдал цаг минутаар хүндэрсээр байгааг онцолж, уг зөрчлийн төлөөс хүүхдүүдийн амиар хэмжигдэх болно хэмээн талуудыг галаа зогсоохыг уриалжээ.
ХАМАС бүлэглэлийн зүгээс Газын зурваст барьцаанд байгаа 3 эмэгтэйн видео бичлэгийг цацсан байна.
Мэргэжилтнүүд энэ сарын 7-ноос хойш ХАМАС бүлэглэл барьцаанд байгаа зөвхөн эмэгтэй хүмүүсийн зураг, бичлэгийг үзүүлж байгаа нь израильчуудын сэтгэл санаанд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа бол Ерөнхий сайд Б. Нетаньяху тухайн бичлэгийг "сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн суртал ухуулга" хэмээн тодорхойлжээ.
Энэ сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилийн нутаг дэвсгэрт халдаж, 1400 хүний аминд хүрч, олон арван хүнийг барьцаалснаас хойш Израиль Газын зурваст тасралтгүй цохилт үзүүлсээр байгаа билээ. Израилийн агаарын цохилтоос болж Газын зурваст 8000 гаруй хүн амь үрэгдээд байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn