
Найман тохиолд сэтгэл савчвал ёроолд живнэ.
Найман тохиолд сэтгэл тэгширвэл чанадад халина.
- Гүрү Бадамжунай
Хүний амьдралын найман тохиол нь: Олз ба гарз, магтаал ба муушаал, мандал ба буурал, жаргал ба зовлон юм. Эдгээр тохиолын таатайд нь хөөрөн сагсуурч, таагүйд нь уурсан бухимдаж явбал дотоод сэтгэлийн нандин амгаланг хэзээ ч мэдрэхгүй. Хамгийн аугаа эр зориг бол амьдралаас юу өгч буй тэр бүхнийг баяр талархалтайгаар хүлээн авах явдал гэж богд мэргэд сургадаг. Ийм эр зориг уужим саруул ухаанаас л төрнө. Амьдралыг илүү өргөн орон зайд харж, шүтэн барилдлага дунд нь ажиглах юм бол азгүйтэл хүртэл өөртөө аз завшааныг агуулж буй нь аяндаа тодорно.
Хэн нэгнийг дайсан гэж бүү хар.
Энэ бол зөвхөн чиний сэтгэлийн тусгал.
- Гүрү Бадамжунай
Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Эхлэл олдохгүй орчлонд, төрөл болзохгүй амьдрал дунд эх, үрийн барилдлагатай яваагүй амьтан нэгээхэн ч үгүй. Таны үзэн ядаж буй нэгэн урьд төрлийн ижий чинь ч юмуу, алаг хонгор үр чинь ч юмуу, хэн мэдэх. Үйлийн мананд төөрч, сэтгэлийн илбэнд хууртсаны эрхээр бие биеэ танихгүй яваа биз ээ. Бурхан багшийн заасан хүлцэл өршөөл бол дайсныг уучлах биш, дайсан байхгүйг л олж харахад оршдог. Ямар ч адгийн амьтантай учирсан та түүнийг гэнэн цайлган хүүхэд байсныг нь санаарай. Адгийн амьтан болно гэж мөрөөддөг хүүхэд байхгүй. Бүх зүйл шалтгаан нөхцлийн сүлжээс. Үзүүр хязгааргүй шүтэн барилдлагыг ухаарах аваас дайсныг гадна талд биш, өөрийн төсөөлөлд буй хий үзэгдэл гэдгийг мэднэ. Зуурдын мананг ярвал хэн ч байсан тэнгэр мэт бодь чанар тээж явдгийг харна.
- Агнистын гэгээ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.