Дөнгөж үүрийн гэгээ тусч буй мэт орь залуу насны бэлэг тэмдэг "Сувдан ээмэгтэй охин"

Twitter Print
2023 оны 10-р сар 09-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

200 гаруй жил түүхэнд орхигдсон Голландын зураач Ян Вермеерын хамгийн алдартай бүтээл болох "Сувдан ээмэгтэй охин" зургийг Умардын Мона Лиза гэж нэрлэдэг. Алчуур зүүж даашинз өмссөн мөрөн дээгүүрээ эргэн харах ер бусын нууцлаг гэмээр харцтай бүсгүйн энэ зураг нь Голландын " Алтан үеийн" Ребрандт Ван Рейн, Франс Халс нарын бүтээлтэй эн зэрэгцдэг.

Делфтийн сфинкс гэгддэг Ян Вермеер /Johannesburg Vermeer/ нь 1632 онд Голландын хойд зүгийн Делфт хотод төржээ. Зураг зурахын зэрэгцээ ээжийнхээ Уушийн газарт туслан ажиллаж урлагийн эд, хэрэгсэл зардаг залуу Катарина Болнес гэж бүсгүйтэй суухын тулд католик шашинд орж гэр бүл болжээ. Тэд 15 хүүхэд төрүүлснээс 11 нь нас биенд хүрчээ.

Захиалгаар зурсан эсэх яг хэн гэдэг нь нууц хэвээр үлдсэн Сувдан зүүлттэй бүсгүйг тэдний нэг охин Мария гэж үздэг ч өөр хувилбараар түүний итгэлийг нь олж будгийг нь хольж өгөх хэмжээнд хүрсэн гэрийн үйлчлэгч 16 настай Грит нэртэй авхаалжтай сэргэлэн охиныг гэсэн таамаглал байдаг. Зургийг ажваас үзэгчид рүү эргэж харан хэн нэгнийг анзаарсан агшныг зураач дүрсэлсэн бөгөөд зургийн нэртэй холбоотойгоор үзэгчдэд сувдан ээмэг нь тусдаг. Судлаачдын дүгнэлтээр ээмэг жинхэнэ натурал сувд биш Венецийн шилэн хямд сувд үгүй бол өнгөлсөн хар тугалга гэдэг нь түүний том хэмжээ, чихний зүүлт бэхэлгээгүй зэргээс үүдэлтэй ажээ.

Сувдны дээр тод гэрэлтэх хэсгийг сэргээн засварлалтын үед гарсан алдаа дахин давтагдашгүй байдлыг үгүй хийсэн гэж үздэг ба тэгэхэд түүний өнгө будгийн маш нарийн гайхамшигт нийлэмжийг нээжээ.

Тухайн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр нь духны үс, хөмсгөө хусдаг байсан нь зурагт мөн дүрслэгдэн үлджээ.

Ян Вермеер төрөлх Делфт хотоос хэзээ ч гарч яваагүй бөгөөд 1672 онд Франц - Голландын дайн болоход уран зураг борлуулалтгүй болж туйлын ядууралд орон 43 насандаа 1675 онд өөд болсон бна.

Рембранд 2000 гаруй зураг зурсан байхад гэрлийг гайхалтай ашигладаг Вермеер 60 гаруй зураг зурснаас 36 нь л өвлөгдөн ирсэн нь 8 улсын музейд хадгалагдаж буй.

Анх дуудлага худалдаанд хямдхан зарагдаад сураггүй алга болсон түүний бүтээл 200 жилийн дараа 1881 онд дуудлага худалдаанд гарч ирэхэд цуглуулагч Эндрис де Томбе өнөөдөр хэдэн зуун саяар үнэлэгддэг бүтээлийг инээдтэй үнэ болох 2 гульден, 30 центээр авч байжээ.

1902 онд түүний гэрээслээр цуглуулгийн 12 бүтээл өгснөөс "Сувдан ээмэгтэй бүсгүй" багтсан ба Голландын Гаагийн Мауритусын музейд хүлээлгэн өгчээ.

Олон, олон нууц, таамгийг хадгалах энэ бүтээл нь "Дөнгөж үүрийн гэгээ тусч буй мэт орь залуу нас, ирэх цагийн өөрийн хүч чадал, гоо сайхныг бүрэн гүйцэд ухаараагүй залуу насны бэлгэдэл, дуулал болдог ажээ.

Д.Бат-Ирээдүй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.