Герман улс цахилгаан эрчим хүч хэмнэх арга хэмжээнүүдээ танилцууллаа

Twitter Print
2022 оны 08-р сар 25-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын засгийн газар цахилгаан эрчим хүч хэмнэх журам баталжээ. Шинэ журмын тусламжтайгаар Германы засгийн газар байгалийн хийн хэрэглээг 2 хувиар бууруулахыг зорьж байгаа ба айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд, нийтийн байгууллагууд ирэх хоёр жилд 10.8 тэрбум евро хэмнэх боломжтой гэжээ.

Шинэ журам нь ХБНГУ-ыг ОХУ-ын эрчим хүчний хамаарлаас гаргах зорилтын нэг хэсэг юм. ОХУ Украин руу довтлохоос өмнө ХБНГУ эрчим хүчнийхээ 55 хувийг ОХУ-аас импортлодог байсан бол өнөөдөр 35 хувь болгож бууруулаад байгаа юм.

Энэ эрчээрээ ХБНГУ ОХУ-ын эрчим хүчний хамаарлаас бүр мөсөн гарахыг зорьж байгаа аж. Гэсэн хэдий ч ХБНГУ Украинд болж дайны эхний хоёр сард ОХУ-аас импортлосон байгалийн хий, газрын тосны төлбөрт ойролцоогоор 9 тэрбум евро төлсөн нь ОХУ-ын хувьд ХБНГУ нь том зах зээл хэвээр байгааг илтгэж байна.

ОХУ Нордстрийм-1 хий дамжуулах хоолойгоор ХБНГУ-д нийлүүлж буй байгалийн хийгээ 20 хувь болтол бууруулсантай холбоотойгоор оросууд энэ өвөл хийн экспортоо бүрэн зогсоож болзошгүй хэмээн Европын холбоо үзэж байгаа юм.

ХБНГУ-ын Сангийн сайд Роберт Хабэк Герман улс Оросын эрчим хүчний импортоос аль болох түргэн хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа гэдгийг онцолсон байна. Тэрээр, "Шинэ журам нь эрчим хүч хэмнэнэ. Гэхдээ ингээд болчихно гээд зүгээр суугаад байх хэмжээнд бол биш." хэмээн мэдэгджээ.

Ирэх сараас эхлэн шинэ журмын дагуу эмнэлгүүдээс бусад олон нийтийн байгууллагууд халаалтаа цельсийн 19 хэмээс хэтрүүлэхгүй байх ёстой ба үүдний өрөө, коридор, үүдний танхим зэргийн халаалтыг бүрэн унтрааж болно гэжээ. Олон нийтийн гудамж талбайд байрлах хөшөө дурсгалуудыг гэрэлтүүлэхгүй бөгөөд дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудын лангуу, хаяг зэргийг гэрэлтүүлэхийг хориглох аж.

Хувийн усан сангуудын халаалтыг хориглосон ба нүүрс, газрын тосны тээврийг нэн тэргүүнд тавих учраас зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн саатаж болзошгүйг сануулж байна.

Европын холбооны ихэнх улс орнууд байгалийн хийн хэрэглээгээ сайн дураар 15 хувиар бууруулахаа мэдэгдсэн юм. Испани улс хэдийн олон нийтийн байгууллагууд дахь эйр кондишн болон халаалтыг хязгаарлаж эхэлсэн бол Швейцарь улс Европын холбооноос гаргасан эрчим хүч хэмнэх арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн Швейцарийн цахилгаан эрчим хүч түгээх сүлжээ айл өрхүүдийг лаа нөөцлөхийг зөвлөжээ.

Швейцарийн Эрчим хүчний сайд Симонетта Соммаруга олон нийтийн байгууллагуудын халаалтыг хаах арга хэмжээ авна хэмээн энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.