
НҮБ-ын Олон улсын Хүний эрхийн комиссын Украины Киев, Чернигов, Харьков, Сум мужуудад 2022 оны 2-р сарын 24-нөөс 2022 оны 3-р сарын 31-ны хооронд үйлдэгдсэн дайны гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлийг мөрдөх ажиллагааны тайлан гарчээ.
НҮБ-ын тайланд бичсэнээр дээрх хугацаанд Украины дээр дурдагдсан мужуудад 1237 энгийн иргэн амиа алдсаны 112 нь хүүхдүүд байжээ.
НҮБ-ын Хүний эрхийн комиссын багийнхан Украины 27 сууринд очиж, хохирогчид болон гэрчүүд, төрийн албан хаагчид, олон улсын байгууллагуулын төлөөлөгчидтэй уулзаж ярилцжээ.
НҮБ-ын Хүний эрхийн комиссын тайланд бичсэнээр Киев, Чернигов, Харьков, Сум мужуудад амиа алдсан иргэдийн 70 хувь нь ОХУын зэвсэгт хүчний пуужин болон тэсрэх бөмбөгийн цохилтын улмаас нас баржээ.
Түүнчлэн НҮБ-ын мэргэжилтнүүд дээрх 27 хот сууринд орон сууц, сургууль, эмнэлэг болон дэд бүтцийн барилгууд Оросын цохилтын улмаас хэдэн мянгаараа эвдэрч нурсан байдалтай байгааг тогтоожээ.
ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины цохилтоос сэргийлэхийн тулд цэрэг техникээ санаатайгаар иргэдийн орон гэр, орон сууцнуудын дэргэд байршуулж байсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн ба зарим тосгодын оршин суугчид оросууд гэрийнх нь хашаанаас Украины зэвсэгт хүчний цэргүүд рүү гал нээж байсан тухай ярьжээ.
Хохирогчид болон гэрчүүдийн ярианаас НҮБ-ын мэргэжилтнүүд оросууд иргэдээс байцаалт мэдүүлэг авах нэрээр олон хоног хорьж, айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, тамлан зовоож байсныг тогтоожээ. Оросын цэргүүд иргэдийг зодож, цахилгаанаар цохиулж, хүйтэнд олон цагаар зогсоодог байсан гэжээ.
Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд 4-өөс 80 насныхан өртсөн нь тогтоогдсон ба үүнийг зогсоох гэж оролдсон эрчүүдийг шууд хөнөөж байсан болохыг тайланд онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.