
Huawei компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Рэн Жэньфэй Huawei компани 5G технологийнхоо патентийн эрх, лиценз, код, техникийн зураг төсөл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн ноу хау зэргээсээ барууны компанитай тодорхой хөлсөөр хуваалцахад бэлэн гэдгээ The Economist сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурджээ.
Түүний хэлж байгаагаар худалдан авагч Huawei компаниас худалдан авсан 5G технологийн эх кодыг өөрчлөх эрхтэй болсоноор худалдан авагчийн үйлдвэрлэсэн 5G тоног төхөөрөмж, дэд бүтцийг Huawei компани ч тэр, Хятадын засгийн газар ч тэр хянах боломжгүй аж.
Huawei компанийн гүйцэтгэх захирал Рэн Жэньфэй Huawei компани 5G технологиор барууны компанитай өрсөлдсөнөөр Хятад, Европ болон АНУ дахь зах зээлийн нөхцөл байдал тэнцвэртэй болохоос гадна эрх ашгийг тэнцвэртэй хуваарилах нь Huawei компанийг салбартаа үлдэхэд тустай хэмээн тайлбарлажээ.
Дэлхийд тэргүүлэгч харилцаа холбооны Huawei компанийн тоног төхөөрөмжийг Хятадын тагнуулын алба ашигладаг хэмээн АНУ-ын зүгээс буруутгаж байгаа ба АНУ-ын Худалдааны яам тус компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үндэслэлээр өнгөрсөн 5-р сард хар жагсаалтанд оруулсан билээ.
Huawei компани хар жагсаалтанд багтсан учраас Америкийн технологийн компаниуд Huawei компанид сэлбэг хэрэгсэл нийлүүлэх боломжгүй болсон ба Google компанийн үйлчилгээг авах боломжгүй болсоноор Huawei компанийн дараагийн үеийн 5G Mate 30 загварын ухаалаг гар утаснуудын хилийн чанад дахь борлуулалт хойшлоод байгаа тухай Вашингтон Пост сонин онцолжээ.
Австралийн эрх баригчид энэ оны эхээр Huawei компаниас 5G сүлжээний тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоох шийдвэр гаргасан бол Америкийн эрх баригчид Европын улс орнуудыг Huawei компанийн тоног төхөөрөмжөөс татгалзахыг удаа дараа анхааруулаад байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.