Монголд баян тансаг амьдардагаа гадаадад үзүүлж харуулна гэвэл энэ нь элэг доог болно

Twitter Print
2022 оны 02-р сар 09-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн жил энэ Германы жижигхэн хотод Монголоос таван хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж аялаж явна гэхээр нь орчуулгын сайн дурын үүрэг гүйцэтгэж, хотын түүх дурсгалын газраас гадна техник технологи, хотын цэцэрлэгжилтийн үзэсгэлэнгүүдээр хамт явж сонирхлоо.

Монголоос ирж байгаа энэ мэт хүмүүсийг ажиглахад их бардам, өөрийгөө ихэд өргөмжилж байгаа нь илтэд харагдана. Европт хүмүүс дундад зууны үед ийм зан байдалтай байсан тухай түүх өгүүлдэг. Тухайлбал, эдгээр хүмүүс гадуур явахдаа байнга хар шил зүүнэ. Ресторанд ороод хоол идэхдээ тэр шилээ тун дургүй маягтай авна. Хар шилтэй мөртлөө нарнаас нүүрээ халхална. Жаахан салхи сэвэлзэхэд нүүр амаа дарна. Явахдаа толгой гэдгэр, гэдэс цүдгэр. Асуултанд хариулахдаа дуу муутай. Түүхийн музейд орчихоод хананд өлгөсөн мэдээлэлд биш харин гар утасныхаа сельфид анхаарна. Хоолонд орвол зөөгчтэй эзэн нь юм шиг харьцана. Гарын мөнгө зөөгчид өгснөөр тэр хүн бөхөлзөх ёстой гэсэн юм байхгүй. Зөөгч бол германд эмч, багш гэдэг шиг тусгай мэргэжил. Монголд магадгүй 30-40 жил зөөгчөөр ажилласан хүн байхгүй байх. Харин Германд анх сургууль төгссөнөөс тэтгэвэртээ гарах хүртлээ ажилладаг ажил мэргэжил.

Хоол идэхдээ их сорно. Халбага сэрээ, тавгийг тачигнуулан чимээ ихтэй хэрэглэнэ. Ер нь нохой муур хоёр таваг руу өнгийж иддэг. Харин хүн тавагнаас халбага сэрээгээр ам руугаа авч иддэг. Тонгойж, өнгийж, таваг руу шумбаж биш. Энд тэнд суухдаа хөлөө заавал нэг юман дээр ачиж тавих гэж оролдоно. Тэд хоёр зүйлд маш их анхаарал тавина. Тэр нь цүнх, цаг хоёр. Цүнхээ аль болох өмнө барьж явна. Цагаа аль болох харуулах гэж хичээнэ. Монголд хүмүүс баян болчихоод бренд өмсдөг байх. Харин германд ажил хийж л байгаа бол бүх брендийг өмсөх боломжтой. Жирийн барилга дээр ажилладаг залуу Ролекс-ын цаг зүүгээд явж л байдаг ш дээ. Эндэхийн тэтгэвэрийнхнээс илүү амьдарч чадахгүй байж тэрэндээ лаг гээд бодчих юм.

Гараад хаашаа ч явсан такси барих гэж оролдоно. Таксинд суучихаад үнэтэйг нь гайхна. Германы аливаа хот хуучин хотынхоо хэсэгт үзэж харах юм ихтэй, тэр хавиар нь такси болон нийтийн тээвэр явахгүй байх нь элбэг. Хүмүүс алхаж, олон зуун жилийн өмнө баригдсан барилга байшингийн хийц загварыг үзэж, түүх ярилцдаг. Гэтэл манайхан хоёр минут харчихаад л суух газар хайна, цааш явах гэхээр унаа асууна.

Энэ мэтээр төрийн ажлаар болон хувийн аялалаар ирж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бага насны хүүхдээс эхлээд хөгшин настай хүн, оюутан, зөөгч, үйлчлэгч хэн ч байсан хүнтэй хүн ёсоор харьцдаг байх хэрэгтэй. Хэн нэгний босс баймаар байвал өөртөө л босс бай. Ажил хийж байгаа хүмүүс авах ёстойгоо л авна бас хийдгээ л хийнэ. Тэрнээс Монголд нэг газрын дарга хүн энд ирээд дарга зангаа гаргана гэвэл тэр шиг инээдтэй зүйл үгүй. Мөнгө өгөөд босс зангаа гаргана гэвэл бас хэн ч үүнийг зөвшөөрөхгүй.

Монголд баян тансаг амьдардагаа энд үзүүлж харуулна гэвэл энэ нь элэглэл болно. Юм мэддэг мэдлэгтэй хүн энд маш их асуудаг, ярилцдаг, сониуч байдаг. Харин манайхан шиг дуугаа хураадаггүй. Ярихдаа ярвайдаггүй юм. Зүгээр л хүн гэдгээрээ л бай л даа. Хааяа ч гэсэн.

Батчулууны Чимэдлхам

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.