
Хятад улсын нийслэл Бээжин хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн олон хүн зорчдог нисэх онгоцны буудлын хоёрт зүй ёсоор ордог ч онгоцны нислэг хойшилдог тааруу үзүүлэлтээрээ мөн дэлхийд толгой цохидог билээ.
Энэ нь Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудал 2008 оны Бээжингийн олимпод зориулж шинэ терминалууд нээснээр жилд 85 сая хүн зорчин өнгөрөх хүчин чадлаа 100 сая болгон өргөжүүлсэн гэсэн үзүүлэлтийг харахад бас ойлгож болмоор үзүүлэлт аж.
Тэгвэл дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохидог энэ хотоор дамжин зорчигчдод таатай мэдээ дуулгахад Бээжин хотод хоёрдахь тои Олон улсын нисэх онгоцны буудал тун удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.
Ирэх 10-р сарын 1-ний өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх Бээжин хотын DAXING олон улсын нисэх буудал нь 2021 он хүртэл жилдээ 45 сая зорчигчийг нэвтрүүлэх хүчин чадалтай байх бөгөөд аажмаар өсгөсөөр 2025 он гэхэд жилдээ 72 сая, 2040 он гэхэд 100 сая зорчигчийг нэвтрүүлэх боломжтой болон өргөжиж, цагт 300 онгоц нисч, бууж байх юм.
Бээжин хотын өмнө хэсэгт орших энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил энэ оны 7-р сард бүрэн дуусч, дотоод ажил, зохион байгуулалтаа хийж дуусаад ийнхүү үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.
Бээжин хотын төвөөс тус нисэх буудалд хүрэх хөнгөн галт тэрэгний тасалбар 35.00 юанийн үнэтэй байна хэмээн мэдээлжээ.
Одоогийн нисэх буудал Бээжингийн зүүн хойд зүгт байрладаг бол шинэ нисэх буудал Бээжин хотоос өмнө зүгт 40 гаруй км зайд оршиж байна.
Хэрэв та ирэх сард Бээжингээр дайрч өөр улс, хотууд руу дамжин нисэх бол таны нислэг аль нисэх буудалд бууж, дараагийн нислэг аль буудлаас хөөрөх вэ гэдгийг тасалбар худалдан авч байгаа авиакомпани, тасалбар борлуулах газраас урьдчилан сайн тодруулж асуух хэрэгтэй болох нь.
Жич: хэрэв хуучин ба шинэ 2 нисэх буудлаар дамжин нисэх бол хамгийн багадаа 2-3 цагийг зарцуулна.
Эх сурвалж: South China Morning Post

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505