Солонгос улс 1954 онд батлагдсан Хорио цээрийн тухай хуулиндаа 66 жилийн дараа анх удаа өөрчлөлт хийлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Засгийн газраас үүсээд байгаа корона19-ийн тархалттай холбоотой Үндэсний Ассемблэйд санал оруулсан Коронагийн 3 хууль батлагдан гарлаа.

Эдгээр нь Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон зохицуулах тухай хууль, Хорио цээрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль гэсэн 3 хуульд оруулсан хэсэгчилсэн өөрчлөлт юм.

БНСУ-ын Үндэсний Ассемблэйгаас батлагдан гарсан Коронагийн 3 хуулийн нэг болох "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон зохицуулах тухай хууль"-ийг зөрчвөл 1 жил хүртэл хорих ял, 10 сая хүртэлх воны торгууль ногдуулахаар болов.

Уг хуульд "Халдварт өвчний сэжигтэн" гэдгийг тодорхойлж өгсөн ба үүнд:
1. Халдварт өвчтөнтэй харилцсан хүн
2. Халдварт өвчин гарсан орон нутагт амьдран суудаг болон тухайн газраар дайран өнгөрсөн хүн
3. Халдварт өвчний бодис зэрэг эрсдэлт хүчин зүйлд өртсөн хүмүүс

Мөн Халдварт өвчний сэжиглэгдсэн хүмүүст зориулагдсан ганцааранг нь тусгаарлах байрыг бий болгож, шинж тэмдгийг шалгах хянах зорилгоор мэдээлэл холбооны хэрэгслийг ашиглаж болохоор боллоо.

Халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэх юмуу тусгаарлагдахаас татгалзвал уг хуулийг зөрчсөнд тооцон 1 жил хүртэлх хорих ял, 10 сая хүртэлх воны торгууль ногдуулна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон зохицуулах тухай хууль нь халдварт өвчний тархалттай холбоотойгоор аюулгүй байдлын "Анхаарах" зэрэглэлээс дээш түвшинд шилжихэд нийгмийн халамжийн байгууламжид хамаарагдах хүүхэд, ахмад настан зэрэг халдварт эмзэг бүлгийхэнд төрөөс маск буюу амны хаалтыг нийлүүлэх зэрэг юм.

Мөн 1-р зэрэглэлийн халдварт өвчнөөс шалтгаалж эмийн бүтээгдэхүүний үнэ өсөх юмуу нийлүүлэлт багасах тохиолдолд Эрүүл мэндийн сайдын зарласан хугацаанд маск болон гар ариутгалын бодис зэргийг гадаадад экспортлохыг хориглох зүйл орсон болно.

Эрүүл мэндийн яамны өвчний тархалтыг судалдаг мэргэжилтнүүдийн тоог 30 хүн байсныг 100 болгож нэмэгдүүлэв. Тодорхойлсон хот, дүүрэг, сум, хороонд албан ёсны өвчний тархалтыг судлах мэргэжилтнүүдийг томилж ажиллуулахаар болов.

Эмнэлгийн байгууллага, эмийн санч нар эм, эмийн жор олгохдоо өвчтөний гадаад улсад аялсан байдлыг мэдээлэх Мэдээллийн технологийн системийг албан ёсоор шалган байж өгч байхаар болов. (Эмч нар эмийн жор бичиж өгөхдөө өвчтний гадаадад аялсан эсэхийг компьютерээр хянаж байж өгнө гэсэн үг)

Хорио цээрийн тухай хууль нь халдварт өвчин гарсан үед халдварт өвчтэй газраас ирж байгаа гадаадын иргэн болон тэр газраар дамжин ирсэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тухай ба энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд нь Хууль зүйн сайдад хүсэлт тавьснаар хэрэгжих боломжтой болно гэсэн үг. Хорио цээрийн тухай хууль нь 1954 онд батлагдан гарснаасаа 66 жилийн дараа анх удаа өөрчлөлт орж байгаа нь энэ юм.

Эрүүл мэндийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь эмнэлгийн байгууллага доторхи өвчтөн, асран хамгаалагч, эмнэлгийн ажилтнуудад халдварын хяналтын шинэ тогтолцоог бий болгож улс даяар авах арга хэмжээг чангатгалаа.

Мөн БНСУ-д маргааш буюу 2 сарын 27-оос эхлэн Post Office, Nonhyup банк, эмийн сангуудад өдөр бүр 3,500,000 ширхэгийг нийлүүлж нийт иргэдэд тарааж эхлэхээр болж байна. Мөн гадаад руу маск их хэмжээгээр илгээж, экспортолж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага ногдуулахаар ажиллаж байна.

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.