
Зурагт ч юм уу, радиогоор хаа нэг, голдуу дарга даамал нэгнээс, та одоо ямар ном уншиж байна вэ гэдэг ч юм уу, таны ширээн дээр одоо ямар ном байна вэ гэхэд, яггүй балмагдах шиг болдог. Бодоход, энэ цагтаа л их шуугиулж байгаа ч юм уу, аль эсвэл алдар цуутай гэгдсэн нэг их мундаг ном олж хэлэх л гэж тэгж түгдэрдэг байх. Яах нь вэ, тэгж?
Ном болгон үнэ цэнэтэй, идий нь хийвэл ямар ч ном хэрэг л болно.
Өнгөрсөн зуунд хэвлэгдэж гарсан, олон хүн хоцрогдсон хэрэггүй гэж үздэг элэгдсэн ном эргүүлж суухад, хэн л гайхаа аж, өөрт л хэрэгтэй бол юундаа санаа зовох ч билээ. 1959 оноос анх орчуулж гаргасан, “Ленин, зохиолууд” гэсэн хүрэн хавтастай, гучин хэдэн ботийг, “ёстой би толгой өөд татахгүй” уншиж байна гэлээ гэхэд, яасан хийх ажлаа олж ядсан нөхөр вэ, ямар завхарсан хуучинсаг этгээд вэ гэж хэлэх нэг нь хэлэх л биз.
Цагийг эзэлсэн тэр их хүний үзэл бодлыг судалж ч байж мэднэ, цаг үеийг нь үнэлж ч байж болно, өнөө өнгөрснийг эргэцүүлэн зэрэгцүүлэн харж ч байж магад, бүр байг л гэхэд, Ц.Намсрай, Б.Бирваа, Ц.Даагаа, Х.Лхамдорж, Б.Банзрагч, Д.Лхамжав, Б.Энэбиш ч юм уу, орчуулганд нь оролцсон өөр бусад хүмүүсийн улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд хатуу хэллэг, нэр томъёог хэрхэн яаж монгол хэлнээ буулгасныг нь сонирхож ч байж ч болох л шүү дээ.
Уншууртай номын уранхай нь их, уншлагатай хүний ухаан нь их хэмээн эрт дээрээс хэлэлцдэг л байж. Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэнчлэн, хар авдранд ном бий, хазгар өвгөнд эрдэм бий гэгчээр, өнгөрсөн зууны өгөршсөн номонд хэрэгтэй юм цаглашгүй их бий. Цаг нь өөр болсон, хамаг юм хувирч өөрчлөгдсөн гээд тоохгүй байж хэрхэвч болохгүй.
Оросын алдарт зохиолч И.А.Гончаров “Обломов”-ыг манайх 1963 онд Шаравын Очирбатын орчуулгаар гаргажээ. Редактор нь Гүрбазарын Амар гуай. Сайхан ч орчуулга, нухацтай ч редакторласан бололтой байдаг.
Уг романы гол баатрын нэрээр дэлхий дахинаа, манайхаар бол, унинд өлгөсөн махандаа хүрч чадахгүй өлсч үхэхээр залхуу, анхиагүй унхиагүй нь хэтэрсэн хүнийг онцлон хэлдэг Обломов хэмээх хэллэг нэгэнт тогтчихсон зүйл. Тэр том романы нэг л хуудсыг эргүүлээд үзэхэд, “Когда же, Штольц приносил ему книги, какие надо еще прочесть сверх выученного, Обломов долго глядел молча на него.
–И ты, Брут, против меня! –говорил он со вздохом, принимаясь за книги” гэсэн өгүүлбэр таарч байх юм
Ш.Очирбат гуай, “Үзсэн зүйл дээр нэмж уншвал зохих номнуудыг Штольц авчирч өгөхөд, Обломов хэзээний л өөдөөс нь удтал дуугүй харна.
–Үгүй чи Брут бас миний эсрэг байгаа хэрэг үү гэж санаа алдаад номоо уншиж гардаг байв” хэмээжээ.
Уильям Шекспирийн “Юлий Цезарь”-ийг уншаагүй, үзээгүй ч юм уу, Брут гэдэг үгийн утгыг мэдэхгүй хүнд, нөгөө залхуу Обломовт уг нь Штольц гэдэг хүн ном авчирч өгсөн, гэтэл яахаараа өөдөөс нь,
-Үгүй чи Брут, бас миний эсрэг байгаа хэрэг үү гэдэг юм бол, Штольц биш, юун Брут гараад ирэв хэмээн гайхаж бас магадгүй.
Латинаар, Et tu, Brute?, англиар, and you, Brutus?, also you, Brutus?, You as well, Brutus?, even you, Brutus?, You too, Brutus? гэх зэргээр буудаг, монголоор бол, чи бас юу ч вэ дээ, чи байдаг нь ч хаашаа юм бэ дээ, чи байдаг нь ч юу ч билээ дээ, арай ч дээ чи ингэх ч гэж, чамайг ингэнэ гэж даанч бодсонгүй, чамайг ингэнэ гэж хэн санах билээ, ингэнэ чинээ чамайг санасангүй гэх зэргээр орчуулж болох л хэллэг.
Манай нэг алдартай киноны урвагчийн дүрээр бол, муу Дүлзэн, чи юү, бас гэж болохоор авч, агуулгаараа бол өөр юм. Амь нэгтэй андалж явсан нөхөр нь аминд нь халдахаар дайрсан хүмүүсийн дотор байгааг үзмэгц, Брут, чи хүртэл үү дээ? хэмээн дуу алдсан Цезарийн сүүлчийн үг хэмээн түүхэнд орсон хэллэг юм. “Обломов”-т байдаг аль гайхашигт үг хэллэг, утга санааг тоочоод барах вэ.
Жон Ридийн “Дэлхийг донсолгосон арван өдөр”-ийг манайх 1963 онд Б.Сүрэн гэдэг хүний орчуулгаар хэвлэн гаргажээ. Б.Сүрэн гэдэг хүнийг нь сайн мэдэхгүй юм. Тэр зохиолын хувьд, зарим нэг нь марксист ном хэмээн таашахгүй л янзтай байдаг. Гэвч дэлхийг донсолгох төдий биш, бүр хоёр хуваасан тэр хувьсгалын эхлэлийг нь мэдье, тэнд оролцогч түүхэн хүмүүсийг нь судалъя гэвэл, үйл явц болгонд нь биеэр оролцож, нүдээрээ харсан америкийн нэрт сэтгүүлч, хувьсгалч Жон Ридийн “Дэлхийг донсолгосон арван өдөр”-ийг унших л хэрэгтэй болно.
“So, Lenin and the Petrograd workers had decided on insurrection… Now there was all great Russia to win–and then the world! Would Russia follow and rise? And the world–what of it? Would the peoples answer and rise, a red world–tide?” гэсэн тэр номын хоёр гурван өгүүлбэр онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
“Ингээд л, Ленин хийгээд Петроградын ажилчид босохоор нэгэнт шийджээ... Одоо ингээд аугаа их Орос орныг, тэгээд дэлгэр их дэлхийг дийлэх хэрэгтэй боллоо. Орос даяар даган босох уу? Тэгтэл дэлхий ертөнц яах вэ? Улс түмнүүд угтан авч, тэмцэн босох уу? Дэлхийг нөмөрсөн улаан шуурга дэгдэх үү?”
Жон Рид Октябрийн хувьсгал цаашдын өрнөлийг төсөөлж ядан, олон асуултанд хариулт нэхэн байж, 1919 оны 1-р сарын 1-нд тийнхүү бичиж байснаас хойш, хоёрхон жил хагасын дараа л талын монгол Октябрийн хувьсгалын их улаан шуурганд бүрэн автсан юм. Тийнхүү улаан шуурга дэгдсэн дэлхийн хоёр дахь орон болж, шинэ нийгэм байгуулна хэмээн ард нийтээрээ ханцуй шамлан зүтгэцгээсэн, их ч хохирол амссан, их ч хөгжилд хүрсэн үнэн түүх бий.
Тэр түүхийг биеэрээ туулсан ард түмэн энэ мэт бүтээлээс, зуун дамжин хуримтлагдсан номын асар их өв сангаасаа тойрно гээд хаачих ч билээ. Сайн муу гэж ялгалгүй, тодорхой чиглэл зорилготой тэр их өв сангаа марталгүй, орхилгүй, тойролгүй үзэж, уншиж, судлах нь өнөөгийн бидний үүрэг, монгол хэл соёлын нэгэн их дархлаа гэхэд болох биз ээ. Ном элдэг, хүн хуучирдаг гэдэг. Ном нь элэг, хүн нь харин улам хөгжиж байх болтугай гэе.
До. Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.