Наадмыг бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

ОЛОН САР ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМД БАЙГАА ИРГЭДДЭЭ СЭТГЭЛЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, УЛАМЖЛАЛАА ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзсэн байна.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛОН НЭЭЛТИЙН УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. Харин долдугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.