
Афганистаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр сүүлийн 10 жилд байгаагүйгээр цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор 70 мянга орчим толгой мал хорогджээ.
Талибан хөдөлгөөн эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглосонтой холбоотойгоор Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан тусламжийн байгууллагуудын дийлэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
Хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бусад байгууллагууд мөн НҮБ уг журмыг мөрдөнгөө хэрхэн тусламж дэмжлэг үзүүлэхээ шийдэж байгаа аж.
Нөгөө талаас Афганистаны эрх баригчид дээрх журмаа өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Онцгой байдлын сайд Мулла Мохаммед Аббас Ахунд BBC агентлагт өгсөн ярилцлагадаа их хэмжээнтй цас орсны улмаас Афганистаны зарим бүс нутгууд руу хүрэх боломжгүй болсон, аврах ажиллагаанд зэвсэгт хүчний нисдэг тэрэг илгээсэн ч нисдэг тэрэг уулархаг бүсэд газардаж чадахгүй байгаа гэжээ.
Түүний хэлснээр амиа алдсан иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авах боломжгүй малчид болон орон нутагт амьдарч буй иргэд байсан аж.
Уулархаг бүс нутгууд рүү хүрэх замын дийлэнх нь цасанд дарагдаж, зарим автомашинууд цасанд боогдон, зорчигчид нь осгож нас барсан тохиолдлууд гарчээ.
Тусламжийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосонтой холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч, аврах ажиллагаа удааширч байгаа ч Талибан хөдөлгөөн гаргасан журмаа цуцлахгүй, олон улс Афганистан Лалын соёл уламжлалыг хүлээн авахаас өөр аргагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Мулла Мохаммед Аббас Ахунд, "Аврах ажиллагаанд айл өрх бүрээс эрчүүд оролцож байгаа. Энэ ажилд эмэгтэйчүүд оролцох ямар ч шаардлагагүй." гэжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.