
Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал “Дашин” албан ёсоор нээгдлээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцсон байна.
Ирэх сарын 1-нд тэмдэглэх БНХАУ-ын 70 жилийн ойн өмнөхөн нээгдэж буй “Дашин” олон улсын нисэх онгоцны буудал өнөөдөр анхны нислэгүүдээ хүлээн авсан аж. Харин Бээжин хотын төвөөс шинэ нисэх онгоцны буудлын хооронд зорчигчдод үйлчлэх тээврийн үйлчилгээ пүрэв буюу маргааш эхэлнэ.
Дэлхийн хамгийн өндөр ачаалалтай ажилладаг нисэх онгоцны буудлуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудал ачааллынхаа улмаас нэмж чиглэл нэмэх боломжгүй болоод байгаа ба 2018 онд л гэхэд тус онгоцны 3 терминалаар нийт 100 сая гаруй зорчигчид дамжин өнгөрчээ. Харин шинэ Дашин Олон улсын нисэх онгоцны буудал нээгдсэнээр ирэх хавар гэхэд тус онгоцны буудал дэлхийн 112 чиглэл рүү жилд 620 мянга гаруй нислэг үйлдэх гэнэ.
11.5 тэрбум ам. доллараар боссон Дашин ОУ-ын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 2014 онд эхэлсэн ба тус онгоцны буудлын дизайныг алдарт архитектор Заха Хадид агсан гаргажээ. Хятадын архитектурын онцлогийг тусгасан Дашин онгоцны буудлыг Хятадын хэвлэл мэдээллийнхэн "далайн од" хэмээн нэрийдэх болсон байна. Зургаан өнцөгт од шиг хэлбэртэй тус буудлын дээвэр 8000 гаруй цонхтой ба энэ нь байгалийн гэрлийг ихээр нэвтрүүлдэг байна.
700 мянган м2 талбай бүхий шинэ нисэх онгоцны буудал нь ганцхан терминалтай ч жилдээ 45 сая зорчигч хүлээн авах тооцоотойгоор баригдсан ба 2025 онд энэ тоог 72 сая хүртэл өсгөхөөр төлөвлөжээ. Тус онгоцны буудлын дизайны гол онцлогуудын нэг нь зорчигчид хамгийн хол байрлах гэйт хүртэл хамгийн ихдээ гэхэд 600 м зайг туулах ба 8-аас ихгүй минут зарцуулах гэнэ. Бээжингийн төвөөс 50 орчим км-ийн зайд байрлах Дашин ОУ-ын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтанд 40 мянга гаруй хүн оролцжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.