Хүүхдийн хөгжил төлөвшилд аавын нөлөө

Twitter Print
2020 оны 10-р сар 20-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

2017 онд "Мянган аав"-ын чуулганы хүрээнд 4-7 насны 10 мянган хүүхдээс "Том болоод ямар хүн болох вэ" гэсэн судалгааг авчээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 69 хувь нь "Аав шигээ хүн болно" гэж хариулсан байна. 

Мөн Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэд “Хүүхдийн төлөвшилд аавууд хэрхэн нөлөөлдөг вэ” гэдгийг судалж үр дүнгээ танилцуулжээ (2016 он). Тэдний судалгааны дүнгээр, аав нь аль болох их хугацаанд хүүхэдтэйгээ үр дүнтэй цагийг өнгөрүүлдэг бол хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, өөртөө итгэлтэй, айдас багатай, бусдыг хайрлах, аливааг ойлгох чадвар сайтай байдгийг тогтоосон байна.

Дийлэнх аавууд гэртээ эрт харьснаа “гэр бүлдээ цаг, зав зарцуулж байна” гэж ойлгодог. Гэтэл хариад хоол ундаа идэж, зурагт үзэж, утсаа шагайж байтал л хүүхэд унтах цаг болдог. Энэ бол та хэдий биеэр хамт байгаа ч зөв нөлөө багатай байдаг. Тиймээс зөв нөлөөтэй “үр дүнтэй хамт байх”-ын тулд та хэдий ядарсан, ажил ихтэй байсан ч хүүхдэдээ тогтол цаг гарган:

Хамтдаа зурагт ном унших

Аавын уншиж өгсөн ном маш их дурсамж үлдээдэг. Гол нь номоо дүрд нь орж, харилцан ярилцаж унших чухал. Хамт байх цаг бага, барагтай юм яриад байдаггүй аав нь баавгай, чоно болоод зогсохгүй гүнжийн хоолойгоор заримдаа бүүр бөжин туулайн өхөөрдөм өнгөөр ярихаар хүүхдэд ямар ч хүүхэлдэйн киноноос илүүтэй хачирхалтай сайхан санагддаг байна. Ном уншиж өгөх явцад хүүхэд дундуур нь их олон зүйлийг шалгаана, та цааргалалгүй харилцан ярилцаж уншаарай. Танаас хэдий их асуулт асууж, ярилцана төдий чинээ хүүхдийн сэтгэхүй хөгжиж байдаг юм шүү.

Image result for Монгол аав хүүхэдтэйгээ ном унших

Цэцэрлэгээс нь аль болох явган авах

Цэцэрлэгээс тараад явган явах бол та хоёрын болзооны цаг л гэсэн үг. Энэ үед та хоёр, биесээ асуултаар булаад л байвал ЗӨВ. Харин, өдөр юу идсэн, багш нь загнасан уу? Найз нь зодсон уу? г.м асуултаас аль болох татгалзаарай. Ийм асуултууд нь хүүхдийг хов зөөмтгий болгох сөрөг хандлагатай. Түүний оронд өдөр сурсан дуу шүлэг, орчны юмс үзэгдлийн талаар ярилцах, сонирхолтой асуултууд асуух нь хүүхдийн ургуулан бодох, бүтээлч сэтгэлгээг өдөөж өгдөг.  Жишээлбэл: Хүн хуцдаг нохой ярьдаг байсан бол яах бол? Манай гэр 10 давхарт биш 1 давхарт байсан бол ямар уу? Хүн ардаа нүдтэй байсан бол яана аа? г.мэтээр ХАРИЛЦАН ЯРИЛЦАЖ хүүхдийнхээ төсөөлөн бодох чадварыг хөгжүүлээрэй.

Хамт музей үзэх, амьтны хүрээлэн явах, ойрхон малтай айлд очих

Аавтайгаа шинэ зүйлс үзэхэд аавууд ээжүүдээс ялгаатай нь том хүнтэй ярьж байгаа мэт тайлбарлаж өгдөг байна. Энэ нь хүүхдийн танин мэдэхүйн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлж, аливааг эргэцүүлэн бодох, шинэ зүйлстэй танилцах нь сонирхолтой санагдахаас гадна өөртөө итгэх итгэлийг нь улам бадрааж өгдөг шүү.

Image result for хүүхэдтэйгээ малд явах

Хүүхдийнхээ дуртай тоглоомыг тоглох

Аавууд хүүтэйгээ тогловол байлдах, ноцолдох, машин барих гэх мэт тоглоомыг өөрөө бүр итгэлтэй тоглодог учир хүүхэд ээждээ эрхэлдэг шиг гонгинож ярьдаггүй, дуу хоолой нь хүртэл өөр байдгаас гадна янз бүрийн зоригтой үйлдэл хийж, аавдаа бүх үйлдлээ харуулахыг хүсдэг, бас аавыгаа бууж өгөхөөр илүү баярлаж өөрийгөө хүчтэй байна гэсэн мэдрэмжийг авдаг. Аан харин, охинтойгоо тоглох үед, ихэвчлэн хоол хийж, айл гэр болж, дэлгүүр ажиллуулж, загвар өмсөгч болон тоглодог. Ингэж аавтайгаа хамт тоглосноор охидод эрэгтэй хүнтэй зөв харилцах анхны хүмүүжил бий болдог байна.

Ээжийг нь хайрлах

Гэр орны ажил хийж, хүүхдээ усанд оруулах, хоолоо хамтран хийх зэрэг ЭНГИЙН үйлдлүүд тань хүүхдийн ирээдүйд ямар АГУУ нөлөө үзүүлдэг гэж санана. ХАЙР ХАЛАМЖ-аар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд муу амьдарна гэж байдаггүй. Аавын ээжтэй нь харилцах харилцаанаас охид хөвгүүд тань ирээдүйд эсрэг хүйснийхээ хүмүүстэй харилцах харилцааны суурь тавигддаг. Тиймээс одооноос эхлэн эхнэр хүүхдээ тэвэрч, үнсэж, хайртай гэдгээ хэлж хэвшээрэй.

Image result for хүүхдээ харж буй ионгол аавууд

Бага насны хүүхэдтэй аавууд цахим орчинд хэт идэвхтэй байгаа нь маш харамсалтай санагддаг. Хүүхэд тань хүссэн ч, эс хүссэн ч танаас үлгэрлэж өснө. Утас, зурагттайгаа холбогдож суух цагаасаа хүүхэдтэйгээ тоглоход, хамт байхад тодорхойг нь зарцуулаарай. Хүүхэд бүрийн аавууд хүүхдэдээ "СУПЕР БААТАР" билээ. Гэр бүлийн ТЭГШ ОРОЛЦООТОЙ, жигд шаардлагатай, ижил зарчимтай орчинд хүүхэд аз жаргалтай, хайр дүүрэн өсдөг. Хүүхдийн амьдралын боловсролын гол цөм нь амар тайван, аз жаргалтай, амьд харилцаатай гэр бүлийн үндэс ААВ та өөрөө шүү.

Г.Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн захирал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.