Допингийн эсрэг үндэсний төвд нэгжлэг хийж, их хэмжээний допинг илрүүллээ

Twitter Print
2023 оны 10-р сар 03-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн.

Түүнийг допингийн шинжилгээний хариуг хувийнхаа цахим хаягаараа авч, допинг хэрэглэсэн бөхчүүдийн хариуг нуун дарагдуулж, авлига авдаг байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа юм.

Тэгвэл энэхүү шалгалтын хүрээнд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнөөдөр /2023.10.03/ Допингийн эсрэг үндэсний төвийн оффис болон тус төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийлээ. Нэгжлэгийн үеэр Ж.Хатанбаатарын ажлын өрөөнөөс их хэмжээний сэргээшийн төрлийн бодис, илрүүлж хураан авсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадмаар барилдаж, шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээг авч БНСУ-ын олон улсад итгэмжлэгдсэн лаборатори руу явуулдаг.

Ингэхдээ журмын дагуу уг шинжилгээг сертификаттай мэргэжлийн хүн авах ёстой байдаг ч манай талаас энэ шинжилгээний багт мэргэжилтнүүд бус эрүүгийн цагдаа болон тагнуулын байгууллагын ажилтнууд оролцсон байна. Энэ нь шинжилгээг авах процессоос эхлээд хариуг хүлээн авах, танилцуулах үйл явц хууль бус явагдсан гэсэн үг юм.

Одоогоор шалгалтын явцад, дээрх шинжилгээний хариуг Ж.Хатанбаатар өөрийн удирдаж байгаа Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны цахим хаягаар биш өөрийнхөө хувийн хаягаар мэдээллийг нь авч байсан нь тогтоогджээ. Түүнчлэн хүлээн авсан шинжилгээний хариуг олон нийтэд зарлахдаа нэр бүхий бөхчүүдээс авлига авч байсан нь тогтоогдоод байгаа ажээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.