Я.Буянжаргал: Тусламж үзүүлсэн 300 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдаад байна

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Энэ нь эмнэлэгт байгаа уушигны хатгалгаатай хүмүүсээс коронавирус байна уу гэж тандалт судалгаа хийж байна гэсэн үг. 

Мөн гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бусад шинжилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалтад байна. 

Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст шинжилгээ хийсэн. Давтан шинжилгээ хийгдсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг хийж байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн байна. Мөн эдгээд гарсан хүнд гурван удаа заавал шинжилгээ хийх ёстой. Учир нь дутуу эмчилвэл гараад халдвар тараах магадлалтай. Тусгаарлагдах байранд 14 хоноод гарч байгаа иргэд гараад 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах нь маш чухал. Үүнийг бид цагдаа, тагнуултай хамтраад хянана. Иргэд өөрийгөө хуурч болохгүй" гэв. 

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3413 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2083 иргэн тусгаарлалтад байна. Халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлсэн 300 эмч, эмнэлгийн ажилтан мөн тусгаарлагдаад байна. Өнөөдөр 4 эмч тусгаарлалтаас гарсан. Дэлхийн дунджаар хөнгөн өвчтөн 14, хүнд ба хүндэвтэр өвчтөн 4 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна” гэсэн юм.

Түүнчлэн, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  ард иргэдийг анхаарал, болгоомжоо сулруулахгүй байхыг сануулсан юм. Тэрбээр “АНУ-д нэг өдөрт 14 мянга гаруй хүн COVID-19 халдвар авлаа. Тус улсад Азийн орнуудтай харьцуулахад 18-34 насны залуучууд халдвар авч байна. 18-аас доош насны гурван хүүхэд нас барлаа. Нэг гэр бүлийнхэн нас барсан. Энэ мэтээр халдварын шинж тэмдгүүд өөрчлөгдсөөр байна. Тиймээс манай иргэд анхаарлаа сулруулж болохгүй, эрүүл мэндийн байгууллагын мэдээг дагаж мөрдөхийг уриалмаар байна” гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.