
Оросын Допингийн эсрэг төв лабораториос Дэлхийн Допингийн эсрэг агентлагт явуулсан сорьцуудаас зөрчил илэрсэнтэй холбоотойгоор ОХУ-ыг 2020 оны Токиогийн Олимпоос хасч болзошгүй болоод байгаа тухай "The Telegraph" сонин мэдээлжээ.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг болох WADA Оросын Допингийн эсрэг төв нь тамирчдынхаа допинг хэрэглэдэг явдлыг нуун дарагдуулахын тулд тамирчдаас авсан сорьцууд болон түүнтэй холбоотой мэдээллийг худал мэдүүлсэн гэж үзэж байгаа аж. Хэрэв Оросын Допингийн эсрэг төв буюу РУСАДА тамирчдын мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол ОХУ-ын тамирчдыг Олон улсын тэмцээн уралдаан тэр дундаа 2020 оны Токиогийн Олимпийн спортын бүхий л төрлөөс хасах тухай хэлэлцэхээ энэ даваа гарагт Японы нийслэл Токиод хуралдсан Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн удирдлагууд шийджээ.
Оросын Допингийн эсрэг төв зөрчил гаргасан нь тогтоогдвол шийтгэл нь 2015 оныхоос ч дор байх аж. Шинээр батлагдсан дүрэм журмын дагуу үндэснийх нь Допингийн эсрэг төв нь Олон улсын стандарт шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн улс эх орондоо олон улсын томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчид нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ алдах гэнэ.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг Оросын Допингийн эсрэг төвтэй холбоотой 47 зөрчлийг шалгаж байгаа ба Оросын талд үүссэн асуудалд тайлбар өгөхөд 3 долоо хоногийн хугацаа өгчээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.