Төрсөн эхийн биеэ гамнах монгол ёс

Twitter Print
2021 оны 01-р сар 20-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Монгол гэр бүлийн ёс - “Төрсөн эхийн биеэ гамнах ёс”

Монголчууд эх хүний амаржингуут шөл уулгахаар зүслэсэн хонь гаргадаг. Ядуу тарчиг айлын эхийг айл, саахалтын айлууд ээлжээр шөл уулгах юмуу нүнжигтэй чинээлэг айл шөлний хонь гаргаж өгч тусалдаг. Айл бүр амаржсан эхийг урьж цай, шөлөөр дайлдаг уламжлалтай байжээ.

МОНГОЛ ШӨЛ гэдэг:

“Шөл уулгах” гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд биеийг нөхөн тэнхрүүлэх, шинээр мэндэлсэн хүүхдийг эрүүл чийрэг, эсэн мэнд бойжуулах эхлэлийг тавьсан Монгол арга юм.Үүний учир юу юм бол?

“Хониний махны ач тус”

Монголчууд бүр эрт дээр үеэс таван хошуу малны махны амт, үнэр, өнгө, шүүслэг зөөлөн, өег нүнжиг, хүний биед үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үнэлсэн байдаг.

Энэхүү үнэлгээгээр:

1. Хонины мах
2. Үхрийн мах
3. Адууны мах
4. Ямааны мах
5. Тэмээний мах гэж нэрлэжээ.

Хонь нь бусад малаас илүү олон зүйл буюу 80 гаруй төрлийн иддэгээс 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг байна. Хонины мах нь халуун, төгс сайн чанартай. Ямаа тэмээний мах нь сэрүүн, царцамтгай чанартай гэхмэтээр хүйтэн сэрүүн бүсийн нөхцөлд амьдардаг Монгол хүмүүст зохицолтой.

Монгол хонины маханд 19 төрлийн амин хүчил байдаг ба үүнээс үл орлогдох 10 амин хүчил байгаа нь хүнсний өндөр ач холбогдолтой. Үл орлогдох амин хүчил, орлогдох амин хүчилийн харьцаа нь шүдлэн хонины маханд 9:1, хязаалан хонины маханд 9:11 байна. Энэ нь монгол хонины махны уурагийн чанарын үзүүлэлт өндөр, биологийн төгс чанар сайн болохыг илтгэж байгаа хэрэг. Хүчлийн хэмжээ нь мөн наснаас нь хамааараад өөр өөр байдаг байна. Ялангуяа шүдлэн хонины махны зонхилох хүчлүүд бусад насныхаас давуу байдаг байна.

Хонины гадар өөх, дотор өөх, сүүлний өөхний физик, химийн чанарыг судалсан дүнгээс үзэхэд монгол хонины өөхөн сүүл нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар нь өндөртэй гэсэн нь судалгаагаар батлагджээ. Монгол хонины мах нарийн ширхэгтэй. 1,5-2,5 настай хонины махны ширхэг 31.6, 34.9 мм байгаа нь бусад төрлийн малынхаас нарийн байна. Хонины махны амт, зөөлөн чанар нь ч үүнтэй холбоотой аж.

Энэ бүхэн хонины мах бол өндөр үнэлгээтэй хүнсний болон сувилалын чухал бүтээгдэхүүн гэдгийг харуулж байна.
Ийм учраас амаржсан эх хүнд хонины шинэ шөл өгөх, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угаах, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал бий болж зуун, зууны тэртээгээс хэрэглэсээр өнөөг хүрчээ.

Монголчууд амаржсан эхэд хониноос бусад төрлийн малын махны шөл өгдөггүй. Учир нь Монгол орон бол эмийн ургамлаар баян, бэлчээрийн мал нь түүнийг олж идээд мах, сүүгээ эм болгон боловсруулдаг.

Төрсний дараа ч гэсэн жирэмсний үеийнхтэй адил хоол ундыг хамаагүй хэрэглэлгүй, тааруулан сонгодог.
Малчин түмэн энэ гайхамшгийг танин мэдэж, амьдралдаа журам болгон “шөл” уулгах нэрийн дор төрсөн эхийн биеийг түргэн тэнхрүүлэх эмчилгээ сувилгаа хийж байсан, одоо ч хэвээр байна.

Доктор Т.Намжил 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.