
Допинг мөн, биш буюу хориглосон жагсаалт
Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд заагдсан 11 зөрчлийн нэг болох дээжнээс нь хориглосон бодис илэрсэн тамирчны шинжилгээний хариу допинг мөн, биш энэ чинь зүгээр л эм гэхчлэн талцуулахад хүргэдэг. Ийм маргааны эх болсон допинг гэж юу вэ?
Товчхондоо олон нийтэд байдаг ойлголт шиг допингийн төрлийн бодис, тэр тусмаа хүч чадал оруулдаг допинг гэх "ид шидтэй" тусдаа бодис бүр ч байхгүй.
Спортын ертөнцөд зөвхөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас тусгай шинжээчдээр хэлэлцүүлэн жил бүр шинэчлэн баталдаг хориглосон жагсаалт хэмээх бичиг баримт л үйлчилдэг.
Хориглосон жагсаалтанд багтсан бодисуудыг тамирчин хүн хэрэглэхийг хориглодог, шинжилгээний дээжнээс нь илэрвэл хариуцлага хүлээхэд хүрдэг.
Жагсаалтыг бүхэлд нь харвал бүгд анагаах ухаанд янз бүрийн өвчнийг эдгээхэд хэрэглэдэг эмийн бодисууд.
Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг шударга өрсөлдөөнийг хангахын тулд спортын ур чадварыг зохиомлоор нэмэгдүүлэх, тамирчны эрүүл мэндийг хамгаалах, өөрт болон өрсөлдөгчдөө аюултай байдал үүсгэж болох, хэрэглэсэн зүйлээ нууж далдах байдлыг таслах зэрэг олон зорилгоор эмийн бодисуудыг хориглосон жагсаалтанд багтаадаг.
Илүү ойлгомжтой болгохын тулд ихэнх хүний мэддэг, “допинг биш эмийн” цөөн жишээ авъя.
Чихрийн шижин өвчтэй хүнд цусанд дахь чихрийн хэмжээг багасгах зорилгоор хэрэглэдэг инсулин гэдэг бодис хориглосон жагсаалтанд багтдаг. Түүнчлэн манай аварга Батсуурийн шинжилгээнээс гарч байсан, Оросын уран гулгагч Валиевагаас илэрсэн гэх Триметазидин гэдэг эм ч хориглосон жагсаалтаанд ордог. Анагаах ухааны практикт зүрхний цус хомсрол буюу ишеми гэх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эм.
Тэгвэл тамирчинд яагаад зүгээр л нэг зүрхний эм хориотой вэ? Инсулин болон триметазидин нь нүүрс усны солилцоонд нөлөөлөх буюу цусан дахь чихрийг задлах үйлчлэл үзүүлдэг. Чихэрийн задралын эцсийн дүнд энерги үүсч, эсүүд энергээр хангагддаг. Эмийн тусламжтайгаар нэмэлт энергитэй болсон тамирчин бусдаасаа илүү хугацаанд ажиллах чадвараа хадгалах нь тодорхой.
Бас нэг жишээ, бөөр, зүрхний өвчин болон бусад өвчний үед шээлгэж,хаван буулгах зорилгоор хэрэглэдэг фуросемид хэмээх эм бас л хориглосон жагсаалтанд байдаг. Яагаад? Нэг талаас жингийн ангилалтай спортын тамирчид богино хугацаанд шээх буюу бие доторх усаа хөөж, шударга бусаар жиндээ орж байна,шээснийхээ "ачаар" жинхэнэ асуудлаа " биеэс зайлуулах" оролдлого хийж байна гэж үздэг. Нөгөө талаас эрүүл хүн фуросемид хэрэглээд байвал бөөрөнд ачаалал үүсч, жинхнээсээ өвчлөх эрсдэлтэй.
Харин манайхны яриад байдаг допинг бол анаболик стероид хэмээгч эр бэлгийн даавраас гаргаж авсан, анагаах ухаанд эр бэлгийн дутуу хөгжилтэй залуус, янз бүрийн шалтганаар энэ гормоны "үйлдвэр" болох төмсгөө гэмтээж, авхуулж эр бэлгийн гормоноо ялгаруулж чадахаа байсан хүмүүсийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг. Ийм эмийг эрүүл залуус хэрэглэхээр булчин томорч, ажиллах чадвар нь эмийн тусламжаар ихсэж байгаа гэсэн үг. Удаан хугацаанд хэрэглээд байвал яваандаа эрүүл эрхтэнгүй болох сууриа тавьж байгаагаас ялгаа үгүй.
Тэгэхээр нэгэнт тамирчин л бол хориглосон жагсаалтанд багтсан эм болгоноос татгалзах үүрэгтэй. Шинжилгээнд уг жагсаалтанд багтсан бодис гарсан л бол допингийн эсрэг дүрэм зөрчсөн буюу допинг хэрэглэсэнд тооцогдоно. Энэ чинь зүгээр эм, допинг биш гэж маргах ямар ч хуулийн боломжгүй. Учир нь хориглосон бодисын жагсаалтанд багтдаг бодис бүгд л эм.
Тамирчин эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар хориглосон жагсаалтанд багтсан бодис хэрэглэх нь тэдний эрх. Гэхдээ үүний тулд эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх баталгаа авах ёстой. Энэ нь бас л тусдаа дүрмээр зохицуулдаг өөр асуудал.
Хориглосон бодисын жагсаалт нь нээлттэй эх сурвалж учир хүн бүр интернэтээс, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн вэб хуудаснаас үзэх боломжтой.
Эмийг допинг болголоо хэмээн тамирчнаа хамгаалдаг, мэдлэг сайтай, цөс ихт хөгжөөн дэмжигчид ч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагтай холбогдож, шинжээчдийн багтай ном хаялцаж, үүнийгээ хас гэж саналаа хэлэх эрх ч бас нээлттэй буй.
Насанжаргалын Цогтсайхан
ОУ-ын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, Допингийн эсрэг комиссын гишүүн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.