С.Кумар: Би Энэтхэгээ санадаггүй, хоёр дахь эх орон, гэр бүл минь энд бий

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

-Монгол хүн удирдлагын түвшинд ажиллаад, хар ажилчдаа гадаадаас авах цаг ойрхон байна-

"Намастэ” рестораны ерөнхий тогооч, “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгээр олноо танил болсон С.Кумарыг энэ дугаарын зочноор урилаа. Энэтхэгт их сургуулиа дүүргээд энд ажлын гараагаа эхэлж, монгол бүсгүйтэй гэрлэсэн тэрбээр манай улсыг хоёр дахь эх орноо гэж үздэг. Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн үйл ажиллагаа болоод хувийн амьдралынхаа сонирхолтой түүхийг хуваалцсаныг хүргэе.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монголд хэзээ, ямар зорилгоор ирсэн бэ?

-Намайг С.Кумар гэдэг. Энэтхэг улсын иргэн. 2002 оноос Монгол Улсад ажиллаж, амьдарч байна. Хоол үйлдвэрлэлийн болон зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр төгссөн. Сургуулиа төгсөнгүүт 21-хэн настайдаа Монголд энэтхэг хоолны “Хазара” ресторанд ажиллахаар урилгаар ирж байлаа.

-Та Энэтхэг, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн юм билээ. Энэ байгууллагын үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?

-2016 онд Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөлийг байгуулсан ч өнгөрсөн жилээс л үйл ажиллагааг нь идэвхжүүлж ирлээ. Хоёр орны дипломат харилцаа 1955 оноос эхтэй. Харамсалтай нь худалдаа, эдийн засгийн хувьд энэ урт хугацаатай харьцуулахад чамлалттай. Засгийн газар хоорондын хэлцлийг эс тооцвол худалдааны эргэлт жилдээ 20 сая ам.доллараар л хэмжигддэг. Бид бизнесийн зөвлөлөө байгуулах үед энэ тоо 11 сая ам.доллараар түгжигддэг байлаа.

Үнэндээ Монгол, Энэтхэгийн хооронд дандаа ганзагын наймааны хэмжээнд л худалдаа өрнөж ирсэн шүү дээ. Бид хоёр орны бизнес эрхлэгчдийг нүүр тулж уулзуулах, зах зээлийн судалгаа хийж, хууль эрх зүйн мэдээлэл солилцох гэх мэт арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Гэхдээ эрчимтэй ажиллаж эхлээгүй байна. Ирэх аравдугаар сард ЭСЯ-тайгаа хамтраад Энэтхэг Монголын бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах гээд хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Энэтхэг талын төлөөлөгч ноён Мукеш Сурана энэ ажлыг голлон хариуцаж байгаа юм.

-Боловсролын салбарт хамтрах боломж бий юу. Энэтхэгчүүд IT чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Монголчууд энэ чиглэлээр суралцах хандлага их байдаг бололтой?

-Засгийн газраас хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрт жилд зуу гаруй оюутан Монголоос очиж суралцдаг. Харин энд энэтхэг боловсрол олгодог болчихвол илүү үр дүн гарах магадлалтай. ШУТИС-ийн харъяа Мэдээлэл холбооны технологийн сургуульд Энэтхэгийн Засгийн газар, “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (миний сонссоноор 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт) ICT парк байгуулж байгаа. Аутсорсингийн төв байгуулж, программчиллын кодыг гадаадад экспортлох боломжтой болох юм. Энэ төслийн хүрээнд 1000 инженер IT чиглэлээр сургана гэсэн зорилготой. Энэ бол алсдаа Монголын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх том төсөл юм.

АНХ УДАА ЦАС ҮЗЭХЭД СОНИН БАЙСАН. ЭНД ТЭНДГҮЙ ДАВС ЦАЦЧИХСАН ЮМ ШИГ...

-Ярианы сэдвийг гэр бүл, эрхэлдэг бизнесийн чиглэл рүү өөрчилье. Танд монголд ирээд тулгарсан анхны бэрхшээл нь цаг уурын өөрчлөлт байсан байх. 17 жилийн тэртээх дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

-Би зургадугаар сарын 1-­ний өдөр Монгол Улсад хөл тавьж байлаа. Хүүхдийн баяр гэж мэддэггүй тул “ямар олон хүүхэдтэй улс вэ” гэж гайхаж байснаа санадаг юм. Хэдийгээр зуны улирал ч надад маш хүйтэн, би тэр зун савхин куртикээс салаагүй. Улаанбаатарт бүгд богино өмд цамцтай, зарим эрчүүд гэдсээ гаргачихсан халууцаж, аахилж байхад би ганцаараа зузаан савхитай явдаг байлаа.

Гайхамшиг үүгээр дуусаагүй ээ. Өвөл болоход би амьдралдаа анх удаа цас үзсэн. Бүх газар давс цацчихсан юм шиг үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Надад бэрхшээлээс илүү гайхамшиг л их тохиолдож байлаа. Өвөл нь зунаа, зун нь өвлөө санаж, хавар, намар нь хүртэл өөр өөрийн араншинтай гайхалтай орон. Эхний жилүүдэд хэлний асуудал тулгардаг байлаа. Гал тогоонд монголчуудтайгаа ойлголцох гэж дохиж зангасаар байгаад бараг хоол хийхээс илүүтэй гар цуцдаг байлаа. Гараа зөвхөн хоол хийхэд ашигладаг байхын тулд монгол хэлийг шахалтаар хурдан хугацаанд сурсан шүү.

-Монгол, энэтхэг хүний ялгааг та хэрхэн хардаг вэ?

-Монгол хүнд олон сайхан чанар бий. Энэтхэг хүн бол нэг хүнтэй муудалцвал үхэн үхтэлээ эргэж сайндахгүй. Кинон дээрээс харсан биз дээ, өвөөгийнхөө өшөөг авна ч гэх шиг явж байдаг. Гэтэл монгол хүн бол уурлаад, цагийн дараа л инээчихсэн харьцаж байдаг нь үнэхээр сайхан. Дээрээс нь маш тусархаг. Нээлттэй чанар нь их гоё. Миний хувьд сургууль төгсөөд эрхэлсэн анхны ажил, хилийн дээс алхсан анхны улс бол Монгол. Анх удаа гадаад явсан хүн гэр орон, аав ээжээ санана даа. Гэтэл би нэг ч удаа, хэнийг ч санаагүй. Яагаад гэвэл энэ орон, хамт олон, хүмүүс нь их сайхан хүлээж авсан учир надад уйтгарлаж, гуниглах шалтгаан өгөөгүй байх.

-Та монгол бүсгүйтэй гэрлэж, энд гал голомтоо бадраасан болохоор нутгаа санах нь бага байх. Монгол эмэгтэйн ямар чанарт татагдсан бэ?

-Хайр сэтгэл гэр бүлийн асуудалд тухайн хүн нь хэн бэ гэдэг нь чухал биш юм байна. Энэтхэгээр зүйрлэвэл аль кастынх байх, ямар давхаргын, ямар шашин шүтлэгтэй байх нь хамаагүй. Бид хоёр 2003 оны үед танилцаж, үерхсээр 2009 онд албан ёсоор гэр бүл болсон. Хоёулаа л хашир хандсан гэх үү дээ. Би хэдийгээр энэтхэг хүн ч миний хамгийн дургүй нэг зүйл байдаг. Энэтхэгийн нийгэмд хадам, бэр хоёрын харилцаа яг одоогийн солонгос кинонд гардаг шиг төвөгтэй.

Эхнэрээ ч хайрламаар байдаг, ээжийгээ ч бодмоор байдаг. Энэтхэг эрэгтэй хүн энэ балансыг барих гэж амьдралын хамаг энергиэ зарцуулдаг юм. Үүнээс болоод маш олон гэр бүл салах тохиолдол гардаг. Монголд энэ огт байхгүй гэж хэлэхгүй ч миний танилцсан хүмүүс, манай амьдралд ийм зүйл огт байхгүй. Дургүй бол дургүйгээ хэлчихнэ, дуртай бол түүнийгээ хэлнэ. Энэ надад маш амар санагдсан. Хоёрдугаарт энэтхэгчүүдийн суурин соёл өөрийн гэсэн таатай амьдралын хэвшлээс гарах дургүй болгочихдог.

Нэг хүн тогооч хийвэл насаараа л тогооч хийнэ. Нэг маягийн үс засуулах хэвтэй бол түүгээрээ л насыг бардаг. Монгол хүн бол тэс өөр. Ямар ч нийгэмд дасан зохицох чадвартай. Жишээ нь энэтхэг хүн хаана ч очсон, энэтхэг хоолноос өөр хоол удаан идэж чаддаггүй. Монголд анх ирэхэд байсан тавь жараад хүн 17 жилийн дараа гэхэд дөнгөж хоёр дахин нэмэгдэж чадсан уу үгүйтэй л байна. Учир нь энэтхэг эхнэрүүд гэрийн ая тух, эд зүйлгүйгээр удаан байж чаддаггүй юм.

-Таныг хадмууд чинь хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Хувь тавиланд талархдаг юм. Бид үерхэж байхдаа гэр бүлийнхэнтэй нь анх танилцаж байлаа. “Харь элгийн хүн охиных нь толгойг эргүүлэх гэж байна гэж бодох вий, гэрлэх бодолтойгоо яаж ойлгуулна даа” гэх мэтээр их эмээж байлаа. Манай хүн таван хүүхэдтэй айлын ганц охин. Гэсэн ч ах дүү нараас ганц хатуу ширүүн үг ирж байгаагүй. Бидний хурим Чингис зочид буудалд болсон. Хадам аав маань монгол хэлний багш хүн байсан. Хуриман дээр надад зориулж “тэнгэрийн хүү” гэдэг шүлэг бичсэнээ уншиж өгсөн нь туйлын хүндэтгэл байлаа. Одоо ч би тэр шүлгийг нандигнан хадгалдаг.

-Монголчууд охидоо гадаад хүнтэй гэрлүүлэхдээ тийм ч таатай биш ханддаг. Таны хувьд энэ үзэл мэдрэгдээгүй бололтой?

-Монголчуудын энэ үзлийг ойлгодог ч хувь тавилан надад ийм амьдрал заяасан. Миний хувьд ч гэсэн өөр улсын иргэнтэй гэрлэх нь хүнд байсан. Энэтхэгчүүд гадны бүү хэл дотоодын хүнтэй хамаагүй суулгахгүй. Баян ядуу, өөр каст, өөр шашны хүмүүс хоорондоо сууж болдоггүй. Ээж аав маань анх миний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. “Та хоёрын нэг нь эх орноосоо хол амьдрах болно” гэж эсэргүүцдэг байв. Дээрээс нь би цагаан хоолтон. “Яаж гал зууханд хоёр төрлийн зоог барих вэ, идэш уушнаас эхлээд тохирох зүйл юу ч алга” гэж загнадаг байлаа. Бидний гэрлэлт аль аль талдаа амар байгаагүй. Одоо бол манай гэр бүл 2-3 удаа Энэтхэгт очсон, аав ээж маань надаас түрүүлж манай гурвыг л асуудаг болсон.

-Цагаан хоолтон, махан хоолтон нэг гэрт амьдрахад зөрчил хэр илэрдэг вэ?

-Гайгүй ээ, би өөрөө тогооч болохоор энэ асуудал биш. Энэтхэгчүүдийн бараг 60 хувь нь цагаан хоолтон. Цаг уур, амьдрах орчин, эрхэлдэг тариалан, хөрөнгө чинээ, шүтдэг шашин гэх мэт олон хүчин зүйл биднийг цагаан хоолтон болгодог.

-Хүүхдүүддээ энэтхэг соёл, хүмүүжлийг яаж шингээхийг хүсдэг вэ. Монголд өссөн болохоор монгол хүн л “гарах” нь дээ?

-Би тухайн нэг орны хүмүүжил гэдэгт санал нийлэхгүй байна. Төгс хүмүүжил гэж аль ч үндэстэнд байхгүй. Би хүүхдүүдийнхээ дүнг хардаггүй, тэр надад сонин биш. Гол нь хүүхдүүд маань хүн бүртэй мэндэлдэг, хүний төлөө гэсэн хүндэтгэлтэй болох хэрэгтэй. “Энэ дэлхийд амжилтад хүрсэн сая сая хүн байна, одоо нэмж мундаг хүн хэрэггүй. Харин одоо сайхан сэтгэлтэй хүмүүс л дутаж байна” гэж Далай лам хэлсэн байдаг. Би ийм л хүн бий болгохыг хүсдэг. Энэтхэг, эсвэл монгол хүмүүжилтэй гэсэн тамга хүүхдэдээ дарахгүй. Хэн нэгнийг зовоохгүй байх, чадвал хүнд тусалж амьдрахыг л зааж өгнө.

-“Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэж монголчууд ярьдаг. Ирээдүйд танай гэр бүл Энэтхэгт амьдрах уу?

-Би Энэтхэгт амьдарна гэж бодохгүй байна. Монголд биш юм аа гэхэд аль нэг гуравдахь улсад амьдарч байх болов уу. Яагаад гэвэл би нутгаасаа гараад хориод жил өнгөрлөө, цаг агаарын хувьд хүнд тусдаг болсон байна. Түүнчлэн 1.3 тэрбум хүнтэй хамт амьдрах уу, гурван сая хүнтэй амьдрах уу гэдэг сонголтын хариу нь тодорхой шүү дээ. Надад энд гадаадад байгаа юм шиг санагддаггүй. Хоёр дахь эх орноо гэж үздэг.

МОНГОЛД АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОГГҮЙ НЬ ГОЛ БЭРХШЭЭЛ БОЛЖ БАЙНА

-“Намастэ” рестораныг хэдэн онд байгуулсан бэ. Гадаад хүн бизнес эрхлэх хэр хүндрэлтэй байна?

-2010 оноос эхэлж байлаа. Анхны салбараа “Цэцэг” зочид буудалд байгуулсан. Одоо гурван салбар бий. Гэхдээ анхны салбарыг франчайз хэлбэрээр өөр компанид шилжүүлсэн. Миний уригдаж ажилласан “Хазара” рестораны эзэн гадаадад амьдардаг, жилд 2-3 удаа л ирдэг байв. Бүхий л үйл ажиллагааг бид хариуцдаг байсан нь өөрийн ресторанаа нээхэд давуу тал болсон байх. Эхнэр Ч.Оюунбилэг маань мөн зочлох үйлчилгээний бакалавр, магистрын зэрэгтэй, компанийн ерөнхий захирал. Хүний нөөц, татвар, тайлангаа хариуцаж, харин би хоол, үйлчилгээгээ л “мэддэг”. Монголд гадаад иргэд бизнес эрхлэхэд хүндрэлтэй биш.

-Үнэхээр ямар ч хүндрэлгүй гэж үү. Татвар, хураамж, төрийн байгууллагуудын хяналт шалгалт гээд дарамт байхгүй юу?

-Төрийн байгууллагын зүгээс ямар ч дарамт байхгүй. Харин хүний нөөц, ажиллах хүчгүй болсон нь бидний гол бэрхшээл болж байна. Саяхан бид гол үйлчлүүлэгчдээ түшиглээд Зайсанд салбараа нээх гэсэн боловч хүний нөөцийн асуудлаас болоод чадаагүй. Бэлтгэгдсэн боловсон хүчин, сайн менежментээр л салбар нээхгүй бол зүгээр нэг аз туршиж эхлүүлэх хэрэггүй. Монголд визний систем, хууль маш сайн.

Гадаад иргэн ажиллахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хураамж төлдөг. Сард 640 мянган төгрөг нэг гадаад ажилтнаас төсөвт оруулдаг гэсэн үг.

Жилийн визтэй орж ирсэн нэг ажилтан 7.6 сая төгрөг, цаашлаад нийт гадаад ажилтны татвар тэрбумаар яригддаг байх. Энэ мөнгийг монгол залуусыг чадваржуулах, дээд боловсролтой, мэргэжлийн хүний нөөц бэлдэхдээ ашигладаг байгаасай гэж хүсдэг. Монгол хүн зөвхөн удирдлагын түвшинд ажилладаг болох цаг ойрхон. Би Дубай, Саудын Араб, Бруней улсын системийг ярьж байна. Энэтхэг, Хятадад хүн  болгоныг дарга болгох боломж байхгүй, харин Монголд гуравхан сая хүнд бол ийм боломж бий. Ойрын 10-20 жилд хар ажилтнаа гаднаас авдаг, удирдлага нь монгол хүн байх цаг ирнэ.

-Гадаадад ажиллаж амьдардаг энэтхэг хэр олон бэ. тэдний онцлог юу байдаг вэ?

-“Та бүхэн гадаадад ажиллаж амьдарч байгаа бол тухайн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавиарай. Яагаад гэвэл та тэр улсаас олж байгаа мөнгөөрөө гал голомтоо барьж байгаа шүү” гэж манай Ерөнхийлөгч байсан Абдул Калам гэж мундаг хүн хэлсэн байдаг юм. Дэлхийн улсуудын гадаад ажиллах хүчний хамгийн их буюу зургаан хувийг (17.5 сая) энэтхэгчүүд эзэлдэг. Гэхдээ тэд тухайн улсын хууль дүрмийг нарийн чанд мөрддөг, хүндэтгэж үздэг учраас элдэв хэрэг зөрчил, хэл ам гаргадаггүй.

Бид буруу зүйл хийсэн бол Элчин сайдын яамны зүгээс өмгөөлж хамгаалахгүй, хариуцлагаа хүлээ л гэж шаардана. Нэг жишээ хэлэхэд Энэтхэгийн хамгийн том төсөл Австралид 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч одоо байгаль орчны асуудлаарх иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад гацсан байдалтай байна. Энэтхэгийн ЭСЯ, төрийн зүгээс лоббидож, төслөө урагшлуулах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй. Яагаад гэвэл бизнесийн зарчим, анхны гэрээ хэлцэл ямар байсан, түүгээрээ л яв гэсэн шаардлага тавьдаг. Төр бизнест огт оролцдоггүй. Энэтхэг хүн ч тухайн улсад хууль бус аргаар амьдардаггүй.

Э.Батцэцэг

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.