
Сая Хайнаньд аялж явахад манай Тэрэлжээс тэгтэл илүү гарахааргүй байгалийн үзэмжит газруудад Шангрила, Hyatt, Шератон, Интерконтиненталь.......гээд та бүгдийн сайн мэдэх дэлхийн алдартай зочид буудлын сүлжээнүүдэд амралтын газар байгуулах эрх, маш том эдэлбэр газар олгоод цаадуул нь маш тансаг ресортууд байгуулчихсан байх юм.
Гэтэл манай улсад болохоор тийм аятайхан газруудад нэр бүхий дарга сайд нарын жижиг жижиг эзэмшлүүд байдаг нь олигтой хөгжиж дэгждэггүйг бид сайн мэднэ. Аялал жуулчлалын оргил ачааллын үед 4000-31000 юаний үнэтэй тэдгээр тансаг амралтын газруудын өрөө тасалгаа олддоггүй дүүрэн хүнтэй байдаг хэмээн тэндхийн ажилтнууд ярьж байлаа.
Газрын диваажин нэрэндээ дүйцэхүйц Хайнаний хувьд зуны ид халуун үе болон 4-5 сард аялал жуулчлалын сэлүүхэн үе таардаг гэнэ. Энд байхад тод ажиглагдсан нэг зүйл нь улсаас орон нутгийн онцлогт нийцсэн зөв бодлого гаргаад хэрэгжилтэн дээр нь дэлхийн том аялал жуулчлал, зочид буудлын бизнес эрхлэдэг компаниудыг зоригтой оруулдаг. Тэд нар нь ч дотоод гадаадын жуулчдаас ашиг орлого сайн сааж чаддаг болохоор тэр хэрээр улсын төсөвт татвар хэлбэрээр том хөрөнгө оруулж байдаг ажээ. Тэр бүхнийг дагалдаад туслан гүйцэтгэх үйлчилгээ хийгээд ажлын байр олноор гарах, орон нутгийн төсвийг зузаалж, хөгжилд тус нэмэр болох гээд үр ашиг их байж таарна.
Дээр нь улсын төсвийн хөрөнгөөр том том аялал жуулчлалын бүтээн байгуулалтууд тэнд их хэмжээгээр хийгдэж байгаагийн нэг жишээ нь далай дээрх Хомьсим бодисатвагийн аварга хөшөө байлаа. Тэр хөшөөг байгуулснаар Хайнань арал дээр сүүлийн хэдэн жил айхтар хар салхины аюул нүүрлэсэнгүй хэмээн нутгийн хүмүүс ярьж байх юм.
Манайх аялал жуулчлалаа хятадын жишээ, туршлагаар хөгжүүлбэл эргүүлээд хятад, япон солонгосчуудаас чамгүй ашиг орлого олоод байж болмоор санагдах юм. Хайнань арал дээр Орос жуулчид маш их байх ажээ. Тийм болохоор энд тэндхийн хаяг шошгыг оросоор бичсэн нь олонтоо байдаг нь монголчуудад нэмэртэй баймаар санагдаж байлаа. Хайнаньд хамгийн үнэтэй хүнсний зүйлийн төрөл нь мөхөөлдөс байдагийг тэнд аялсан манай жуулчид ажигласан байх аа. Тэр дундаа пломбир зэрэг боодол, шошго тааруутай орос мөхөөлдөс 30-40 юанаар төвөггүй зарагдаж байдаг шүү.
Д.Болдбаатар
“Гэгээ” боловсролын төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.