Б.Ганхуяг: Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны найм дахь Гүйцэтгэх захирал нь үнэн л дээ...

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Монголын төрийн албыг жинхэнэ утгаар нь  Монголын ард түмний сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, төрийн бүх л яам, албан газруудад нүүрлэсэн  өнөөдрийн “Мөсөн уул” шиг асар том авлигал, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүдийг таслан зогсоохын тулд бүх үйл ажиллагаагаа ард түмэндээ цаг алдалгүй  сурталчлан таниулж байхыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүх л  сайд нарт үүрэгдсэн билээ. Тийм ч болохоор энэ сарын дундаас эхлээд Засгийн газрын бүх л яамд, тэдгээрт харъяалагддаг төрийн албан байгууллагууд хийж хэрэгжүүлж байгаа бүх л үйл ажиллагаа, туулж өнгөрүүлсэн түүх болон алс ирээдүйн бодлого зорилгоо өдөр алгасахгүй сурталчлан танилцуулсаар өнөөдөртэй золгосон. Өнөөдрийн тухайд Д.Сумъяабазар сайдтай УУХҮ-ийн яамны салбар нэгжүүд Д.Сүхбаатарын талбайд өөр өөрсдийн үйл ажиллагааг ард иргэдэд дэлгэн танилцуулж, чөлөөтэй ярилцаж байсан юм.

Энэ үеэр “Дэлхийн жишигт хүрсэн уул уурхай” хэмээсэн сүрхий танилцуулга бүхий майхнаар зочилж, 2018 оны 5 дугаар сарын 18-наас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Гүйцэтгэх  захирлаар ажиллаж байгаа Б.Ганхуягтай уулзаж дараах бяцхан ярилцлага, танилцуулгыг хийснээ уншигчиддаа хүргэж байна.

-Хоёулаа “Дэлхийн жишигт хүрсэн уул уурхай”  гэсэн нэг бодлын бахдалтай танилцуулга бүхий танай уурхайн өнөөдрийн үйл ажиллагаа, ашиг орлогын байдлаас ярилцлагаа эхлэх үү?

-За компанийнхаа өнөөдрийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулвал манай уурхай  ҮАБЗ, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, Олон улсын зах зээл дээр хувьцаа гаргахаар хоёр удаагийн 180 хоногийн үүрэг авснаас өнөөдрийн хувьд эхний 180 хоногийн 86 дахь хоног дээрээ  явж байгаа юм. Энэ хүрээнд 4 том ажил хийхээс Олон улсын санхүүгийн болон хуулийн, техникийн зөвлөх авч ажиллуулах, компанийн дотоод аудитыг Олон улсын хүрээнд хийх зэрэг 8 үе шаттай ажлынхаа 6 дахь дээр нь явж байгаа. Энэ талаар компанийн зүгээс Олон улсын тендер зарласан байгаа.

Та сая манай компанийг “Дэлхийн жишигт хүрсэн уул уурхай” –н үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэж асуух шиг санагдлаа. Тэгвэл манай компани буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдрийн  байдлаар л гэхэд 13.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын нийт орлого  2.1 их наяд төгрөгт хүрсэн байгаа.  Ер нь бол энэ 2019 оны хагас жилийн байдлаар 350 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн ч ашиг, орлого маань 677 тэрбум төгрөгт хүрч, уурхайн цэвэр ашгаа 102 дахин давуулан биелүүлсэн байгаа. Төлөвлөгөө ёсоор улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос өчигдрийн байдлаар 478 тэрбум төгрөг оруулсан байгааг манай Санхүүгийн албанаас тодорхой мэдээлсэн л дээ.

Гэхдээ бидний сэтгэлийг жаахан эвгүйтүүлж байгаа тодорхой нөхцөл байдал бол нүүрсний үнэ ирэх жил буюу 2020 оны хоёрдугаар улирлаас уналттай болох нь тодорхой болоод байгаа баримт юм. Тиймээс ч тухайн  үед хэрэгжүүлэх эрсдэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаагаа хэлэх ёстой болов уу.  

Ер нь  бол манай уурхай өнгөрсөн 2018 онд 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласанаа энэ онд багагүй хэмжээгээр ахиулах бүрэн боломжтой нөхцөл байдалтай ажиллаж байгааг хэлье дээ. Энэ бүхнээс дүгнэлт хийвэл таны жаахан эргэлзээд байгаа “Дэлхийн жишигт хүрсэн  уул уурхай”-н үйл ажиллагаа хэрэгжээд явж байгаа нь тодорхой болов уу.  

-Таны хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 18-наас өмнө хаана ямар ажил албатай явсан гэдгээ нэлээн тодорхой танилцуулахгүй юу?

-За даа миний эрхэлж явсан ажил алба, албан тушаалын байдлуудыг манай иргэдийн олонхи нь  бараг л мэдэх байхаа даа. Гэхдээ яах вэ нэгэнт та дэлгэрэнгүй танилцуулахгүй юу гэсний хариуд хийж явсан ажил албаа танилцуулахад юу нь илүүдэх вэ дээ. Би удахгүй 45 нас хүрнэ. Үндсэн мэргэжил маань Эрх зүйч, улстөр судлаач юм. Хамгийн анх 1999-2000 онд МҮХАҮТ-ын ажилтнаар төрийн албанд  ажиллаж эхэлсэн. Дараа нь 2001-2007 онуудад Монголын Оюутны холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажилласан.

Дунд нь буюу 2005-2007 онд “City phone” ХХК-ны Гүйцэтгэх захирал, 2007-2013 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ны Захиргааны хэлтсийн дарга, дэд захирал, 2008-2012 онд  “Таван толгой”, “Оюу толгой” төслүүдэд Нарийн бичгийн дарга, 2009-2011 онд “Эрдэнэс Тавантолгой” төслийн удирдагч, 2011-2012 онд “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2015 онд  Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2016 оны есдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад тухайн оныхоо тавдугаар сарын 18-наас Гүйцэтгэх захирлаар жинхлэгдсэн юм. За хийж явсан болон өнөөдөр хийж байгаа ажил албаны маань танилцуулга танд хангалттай санагдав уу.

-За ажил албаныхаа талаарх танилцуулга чинь сэтгэлд нийцлээ. Цаашид ямар томоохон зорилго тавьж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол?

 -За даа тэр талаар байнга шахуу л танилцуулдаг ч гэсэн энэ удаа дахиад нэг дэлгэрүүлье дээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс ирэх дөрвөн жилд өнөөдрийн олборлолтоо хоёр дахин өсгөж, 35 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа. Одоо жилд 15 сая нүүрс олборлож байгаа бол цаашид 35 сая тонн болгож, ТЭЗҮ-ээ бүрэн хүчин чадалд нь хүргэхээр төлөвлөж байгаа.  Хамгийн гол нь Олон улсын зах зээл дээр IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж эхэлсэн байгаа. Олон улсын зөвлөхүүдтэй хамтран хөрөнгийн зах зээлд гарах төлөвлөгөө, бэлтгэл ажлыг чамгүй хэмжээнд хангасан. Бидэнд шаардлагатай төслүүдэд зарцуулах хөрөнгө хэрэгтэй байгааг хэлэхэд илүүдэхгүй байх. Эхлээд Тавантолгой- Зүүнбаян-Ханги Мандал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, усан хангамжийн систем, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, шинэ хот, нүүрс, химийн үйлдвэр байгуулах ажлуудад болон бусад дагалдах төслүүдийн анхны болон дунд хугацааны хөрөнгө оруулалтыг 2023 он хүртэлх хугацаанд үе шаттайгаар санхүүжүүлэхээр ажиллаж байгааг дурдъя.  Дээрх төслүүдийн ТЭЗҮ-үүд нь боловсруулагдаад бэлэн болчихсон байгаа. Харин одоо Олон улсын жинхэнэ мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран сайжруулах, мөнгөн урсгалыг нарийвчлан тооцоолох, ялангуяа гарч болзошгүй бүхий л эрсдлүүдийг гаргаж, алдаа гаргахгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр өдөр хоногтой уралдан ажиллаж байна.

Энд нэмээд Засгийн газраас үүрэг болгосон нэгэн том ажлын талаар дурдах шаардлагатай санагдлаа. Тухайлбал Засгийн газраас батлан гаргасан 296-р тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг 2019 оны эцэс  буюу 12-р сарын эхний 7 хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн л дөө. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргахад тогтоогдсон стандартын дагуу бичиг баримт бүрдүүлэх ажил ерөнхийдөө бэлэн болсон. 

Засгийн газрын тогтоолын хүрээнд Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болох гол зорилготой “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулж, Олон улсын  зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байгаагаа түрүүнд дурдсан. Ер нь компанийхаа нийт хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгож, 70 буюу түүнээс доошгүйг “Эрдэнэс Тавантолгой” ХК  эзэмшихээр болоод байгаа. Ордын найман лицензийн зөвхөн нэг лиценз болох Зүүн цанхийн лиценз дээр л Олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө мөнгө босгох болно.

 -Монголчуудын дунд “Эрдэнэс Тавантолгой” ХК аль хэр ашигтай ажиллаж байгаа болон өнөөх 1072 хувьцаа хэзээ үр ашигтай болж, бидний гар дээр мөнгө тарааж эхлэх юм бол гэсэн хүлээлт их байдаг. Ер нь ингэхэд танай компани үйл ажиллагааныхаа талаарх мэдээллүүдийг  ил тод болгох талаар ямар ажлууд хийж байгаа вэ?

-Мэдээж наад асуудлыг бидний зүгээс байнга л ярьж, эхнээс нь нэлээн тодорхой ажил хэрэг болгоод явж байгаа.  Мэдээж таны ярианыхаа эхэнд дурдсан “Дэлхийн жишигт нийцсэн уул уурхай”-н үйл ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг Монголын ард түмэнд хүргэх нь бидний хувьд авч хэрэгжүүлэх ёстой давын өмнөх ажил гэж боддог тул тэр талын ажлуудаа аль хэдийнэ эхлүүлсэн. Тухайлбал компанийхаа талаарх бүхий л мэдээллийг Монголын ард түмэнд байнга хүргэх нь бидний үндсэн зорилт тул  ямарваа мэдээллийг түгээхдээ давхар хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг ч өгөх ёстой гэж үздэг. Тиймээс ч мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг жил гаруйн өмнө байгуулж, ажиллуулсан нь үр дүнгээ өгсөөр л байгаа. Мөн компанийн дэргэд эрдэмтдийн болон олон нийтийн зөвлөлийг байгуулж  ажлын байруудыг нээлттэйгээр зарлаж, шалгаруулдаг болсон.Түүнчлэн нүүрс худалдан авагчийг нээлттэйгээр сонгож, гэрээнүүдийг ил болгосон зэргээр нээлттэй байдлыг хангах хүрээнд хийгдсэн ажлууд олон бий. Нэг үеэ бодвол манай компанийн талаарх иргэдийн мэдээлэл ихээхэн сайжирсан гэж болно. Урьд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар ихэвчлэн тааруухан, иргэдийг бухимдуулсан л мэдээлэл түгдэг байсан бол одоо харин ч эсрэгээрээ “Дэлхийн жишигт хүрсэн уурхай” гэж хэлэгддэг болсон. Компанийн санхүүгийн болон өдөр тутмын мэдээлэл бүх л талаар улам бүр нээлттэй болсоор байгаа нь манай иргэдэд илүү сайн ажиглагддаг болсон  байгаа.  Манай уурхайн талаарх бүх л мэдээлэл Монголын ард түмэнд дэлгэрэнгүй сайн хүрч, нээлттэй байдал хангагдаж байгаа нь компанийн засаглалд эерэг нөлөө бий болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс хамтран ажиллах боломж нээгддэг давуу талтай л даа. Шулуухан хэлэхэд манай компани шиг нээлттэй мэдээллийн орчинд ажиллаж байгаа төрийн өмчит компани өөр байхгүй  гэдэгт Гүйцэтгэх захирлын хувьд би бат итгэлтэй явдаг. Харин нэг зүйлийг онцлоход ихээхэн нээлттэй байгаа нь  нэг талаас сайн ч, нөгөө талдаа сөрөг үр дүн нэлээдгүй дагуулдгийн жишээг бүгдээрээ л  харж мэдэрч байгаа нь тодорхой. Бидний зүгээс тараасан мэдээллийг мушгих, гуйвуулах, хувийн ашиг сонирхлоо хангах сэдэв болгох, улс төржүүлэх, эргүүлээд компанийг харлуулах зорилгоор ашиглах явдал ч гарсаар байгааг дурдах ёстой. Гэхдээ бидний хувьд тэдгээрээс айж хулчийж, ард иргэдэд тараах мэдээллээ багасгана гэж байхгүй. Бидний ажилд бага ч гэсэн дутагдал, доголдол гарвал тэр талаарх эрүүл шүүмжлэлийг бид цаг алдалгүй хүлээн авч, ажил болгоход хэзээд бэлэн байх болно. Харин эсрэгээрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хэтэрхий хутгалдаж, бидний үйл ажиллагааны онцлог, хэтийн зорилгыг сайн мэдэхгүй байж, мэргэжлийн бус аргаар зааварлах, дураар авирлах явдлыг миний л хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлэх ёстой болов уу. Ингээд ярилцлагаа өндөрлөх үү. Учир нь тэр урд удахгүй манай яамны танилцуулах үйл ажиллагаа эхлэх тул миний бие тэнд байх шаарпагатай л даа.

-За уучлаарай. Гэхдээ та миний сүүлийн асуултад хариулчихаад явж болох уу. Би андуураагүй бол өөрөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн долоо дахь Гүйцэтгэх захирал байх аа?

-Өнөөдрийн хувьд би нэлээн олон телевиз, сонин, мэдээллийн сайтуудад ярилцлага өгч, уурхайнхаа талаар багагүй дэлгэрэнгүй мэдээлэл түгээсэн л дээ. Гэтэл тэр олон сурвалжлагч нарын дотроос яг өөр шиг чинь ийм асуулт тавьсан сэтгүүлч байгаагүй шүү. Гэхдээ та тэр талаар нэлээн шаргуу сонирхож байгаа тул би хариулъя л даа.  Харин өөрөө урьд өмнөх Гүйцэтгэх захирлуудын тооны талаар жаахан алдлаа. Миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн найм дахь Гүйцэтгэх захирлаар өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд томилогдсон гэдгээ түрүүн дурдсан л даа. Гэхдээ өмнөх долоон Гүйцэтгэх захирлын дөрөв нь л жинхэлсэн байсан. Харин гурав нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байдаг. Гэхдээ миний өмнөх Гүйцэтгэх захирлууд дээд тал нь 6 сар ажиллаад л халагдсан юм билээ. Хамгийн бага нь 20-хон хоног ажилласан болоод л өөрчлөгдөж байсан нь ч бий. Харин миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар хамгийн удаан буюу нэг жил дөрвөн сар гаруйн хугацааг өнгөрүүлээд явж байгаа нь манай хамт олны ажлын ихээхэн амжилт, төр засгийн зүгээс өгч байгаа үнэлэлт, дүгнэлттэй л холбоотой нь тодорхой юм даа.

За өөрийгөө жаахан магтчихав уу даа. Ингээд ярилцлагаа өндөрлөхгүй бол болохгүй тул уучлаарай.

-Энд хүрээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай хийсэн ярилцлага маань аргагүй өндөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Гэхдээ “Дэлхийн жишигт хүрсэн уул уурхай”- буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар нэлээн сайн мэдээлэл уншигчдад маань хүрэх болов уу.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.