
Өчигдөр буюу 28-ны хагас сайн өдрийн орой цэнхэр дэлгэцээ ширтэж хэвттэл ТВ-25 сувгаар 1980-2000-аад оны Монголын нийтийн дууны урлагт өөрийн зам мөрөө үлдээсэн МУСГЗ, хөгжим судлаач Р.Энхбазарын тухай “Базар аа ах” хөрөг нэвтрүүлэг гарч, нэлээн шимтэн үзсэн билээ. Монгол Улсад циркийн урлагийг үүсгэн байгуулсан ч хожим нь хэлмэгдэж өнгөрсөн дуулддаг Ж.Раднаабазарын хүү Р.Энхбазар гуай 1975 онд Уралын Хөгжмийн дээд сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр төгссөн ч 1976 оноос хойш 40 гаруй жил Монголын радио, Үндэсний телевиз болон тэтгэвэрт гартлаа ТВ-25-ын Ерөнхий редактороор ажилласан байдаг. Тэрээр тухайн үедээ Монголын нэртэй хамтлаг “Инээмсэглэл”-ийн бараг л бүх дууны аяыг бичсэний дунд Б.Бадар-Ууган агсны анхлан дуулж Монголчуудын дунд алдаршсан “Дэлхий ээж”, “Манайд ирээрэй”, “Залуусын уулзалтын дуу”, “Энх өглөө”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Улаан бүч” чуулгынхан дуулсан “Сансрын нисгэгч ах” зэрэг олон сайхан дууны эзэн билээ.
Энгийн даруухан яриатай, тэр дундаа “Залуу гэнэн, болчимгүй наснаасаа бүх л төрлийн гашуун ундааг мөн ч их хүртсэн дээ. Тэглээ гээд талийсангүй, удахгүй 75 хүрэх нь дээ” хэмээх Р.Энхбазар ахыг Монголын нийтийн дуучид болон эстрадынхан андахгүйтэй адил 25-р суваг телевизээр нэвтрүүлж байсан дэлхийн хөгжмийн урлагийн суутнуудын тухай олон сайхан нэвтрүүлэг болон, амьдралын бодит үнэний тухай өгүүлсэн хөрөг нэвтрүүлгүүдээр нь телевиз үзэгчид ч андахгүй л болов уу. Баянхошуу уулаар хоёр хуваагддаг Толгойтын зүүн салаан дахь зуслангийн байшингийнхаа үүдэнд яриа өрнүүлж суусан Р.Энхбазар гуайн дурсамж нэвтрүүлэгтэй залгаад Монголын Үндэсний телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Налайхын замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаа талаарх сурвалжлага гарав. Харин түүний араас үргэлжлүүлээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг, нарлаг энгэрт нь мөнх нойрсож байгаа агуу хөгжмийн зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингис хаан одон болон төрийн шагналт Бямбасүрэнгийн Шаравын алтан шарилд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мөргөн залбирч, гүн хүндэтгэлээ хувийн зүгээс болон Монгол төрийн өмнөөс мэхийн үзүүлж байгааг хараад өөрийн эрхгүй хоёр нүдний минь нулимс сул урссан юм.
Хүний орчлонд 67-хон насалсан агуу их Б.Шарав гуай ганцхан заяах амьдралынхаа хугацаанд “Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн байдаг. Мөн түүнчлэн дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвиж, 20 орчим уран сайхны киноны хөгжмийг зохион амьдруулсан хөгжмийн урлагийн энэ цагийн суутан байсан сан.
Үүнийг тэрлэгч нь 1982 онд тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн долдугаар ангид сурч байхад Уралын Хөгжмийн дээд сургууль төгсөөд удаагүй, ирээдүйд Монголын хөгжмийн урлагийг даян дэлхийд мандуулах агуу суутан Б.Шарав багш маань Хөгжмийн Онолын хичээл зааж, бид бүхэн анхлан учирч байсан гэгээн дурсамж одоо ч тодхон санагднам. Тухайн үед хариугүй жаахан бацаанууд байсан бидний тухайд Б.Шарав багш маань тун ч удахгүй Монголын уртын дууны өв уламжлалд тулгуурлан "Замбуу тивийн наран" магтуугаа туурвиж, тэрхүү гайхамшигт бүтээл нь гуравхан жилийн дараа буюу 1985 онд ЮНЕСКО-гийн хөгжмийн урлагийн “Алтан сан хөмрөг”-т бүртгэгдэж, алдарт Хоёрдугаар симфони нь дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ үзэгдэл болон тунхаглагдана гэж яаж ч мэдрэх билээ дээ.
Харин тухайн үед бидний хэдэн бацаануудын нүдэнд харагдаж, сэтгэлд дулаахан сайхан мэдрэмж төрүүлдэг байсан дурсамж нь ирээдүйн Монголын болон дэлхийн хөгжмийн урлагийн нэгэн суутан Б.Шарав багш маань дэндүү даруухан, ямар ч хүнд нэг л зангаараа ханддаг, догшин ширүүн зан авирын ул мөр ч үгүй нэгэн байсан нь өнөөдөр ч үргэлж л гэгээн сайхнаар дурсагддаг билээ. Тэрээр 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд мэндэлж, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн Их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн байдаг. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу өнгөрсөн долдугаар сарын 8-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ.
Харамсалтай нь бие нь барагтай байсан агуу хөгжмийн зохиолч маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх төрийн дээд шагнал хүртсэнээсээ хойш арваадхан хоноод л “Тэнгэрийн харъяат” болж, өнөөдөр төрсөн нутаг Жаргалтхаан сумынхаа нарлаг энгэрт мөнх нойрсохдоо Монгол эх орноо байтугай, даян дэлхийг “Сэрсэн тал”-аараа уяраан эгшиглэж байгаа нь тодорхой. Түүний алдарт “Сэрсэн тал” удиртгал хөгжмийн түүхийг багахан шиг сөхвөл түүнтэй хамт нэг өдөр Хөдөлмөрийн баатар болсон Монголын хөгжмийн урлагийн бас нэгэн суутан Н.Жанцаноровын захиалгаар зохиогдож,1984 оны 11-р сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд анх эгшиглэсэн түүхтэй гэдэг. Мөн түүнийг даян дэлхийд “Үүнийг зохиогч нь аргагүй л агуу суут хөгжмийн зохиолч мөн байна” хэмээн алдаршуулсан Хоёрдугаар симфонио 1987 онд бичсэн бөгөөд, “Хүн төрөлхтөний хөгжмийн урлагийн дээж бүтээл”-ээр нэрлэгдсэн хоёрдугаар симфони болон 1980 оных нь “Трио”, 1998 оны “Зуурдын орон”, 2011 оны “Монгол орон бадартугай”, 2018 оны “Эхийн сэтгэл шиг” зэрэг таван сонгодог бүтээл нь багтсан “Алтан пянз”-ыг нь энэ оны тавдугаар сард Лондонд 300 ширхэгийг хэвлэн гаргасан байдаг.
Ер нь бол дэлхийн хөгжмийн урлаг болон эстрадын хамгийн том “Од”-уудын бүтээлийг цөөн хувиар хэвлэн гаргадаг Англичууд алдарт “EMI 1440” төхөөрөмжөөрөө 300-хан ширхэгийг Лондон хотдоо хэвэлж, ширхэгийг нь 1000 ам доллараар үнэлэн борлуулсан бүх орлого нь түүний эмчилгээний зардалд болон гэр бүл үр хүүхдүүдэд нь уламжлагдан үлдсэн “Б.Шарав сан”-гийн дансанд орж ирж байгаа нь даян дэлхий Монголын агуу хөгжмийн зохиолчийг хэрхэн үнэлж, дурсгалыг нь мэхийн хүндэтгэж байгаагийн тод илэрхийлэл юм.
Энд нэгэн гэгээн дурсамжтай, басхүү өнөөдөр гурвуулаа л “Тэнгэрт заларсан” Монголын хөгжмийн урлагийн гурван их оргилуудын тухай хэзээ ч арилж баларшгүй гэгээн сайхан түүх өгүүлэх зайлшгүй шаардлагатай санагдаад болдоггүй шүү. Учир нь уржигдархан алтан шарилд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөргөн залбирсан агуу их Б.Шарав, “Ламбугайн нулимс” хэмээх алдарт дуурийг бичсэн төрийн шагналт Х.Билэгжаргал, “Намрын дурсамж”, “Ус мөрөн олон чиг”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” зэрэг алдартай олон дуунуудыг зохиосон бас нэгэн төрийн шагналт Ц.Чинзориг гурвын бага залуугаасаа гагнагдан мөнхөрсөн нөхөрлөл, найз нөхрийн нандин холбоог дурсахгүй байхын аргагүй.
Тэгээд ч Уралын Хөгжмийн дээд сургуулиар гагнагдсан хөгжмийн урлагийн гурван суутан маань хэн нэгнийгээ цаашлуулж “Монголын хөгжмийн урлагт би том уу, чи том юм уу” хэмээн тоглоом наадам болсоор идэрхэн залуу насаа өнгөрүүлцгээсэн байдаг. Харамсалтай нь Монголын сонгодог урлаг болон нийтийн дууны урлагийн гурван ноён оргилууд маань хэн нь ч 70 насны босгоор алхсангүй, энэрэлгүй хатуу хорвоогийн жамаар “Тэнгэрийн харъяат”-ууд болцгоож дээ, хөөрхийс. Энэ сарын 22-нд төрсөн нутаг Жаргалтхаан сумынхаа нарлаг дэнжид “Мөнхийн зогсоол”-доо нойрссон агуу Б.Шарав гуай маань өдийд хурмаст тэнгэрийн мандалд гэгээн залуу насныхаа салшгүй их андууд болох Ц.Чинзориг, Х.Билэгжаргал нартайгаа учран золгож, даян дэлхий, огторгуйн цэнхэр уудмаар халин нисэцгээж байгаа болов уу. Энэ бүхнийг эрэгцүүлэн бодож, цээжний гүнээс ундарч, агуу ихийн араас харамсан булгилах нулимсаа шударчихаад энүүхнийг тэрлэхэд “Агуу их Б.Шарав гуай маань өнөөдрөөс 20 гаруй жилийн өмнө юуны учир “Гэгээн алсад одохсон”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлүүдээ туурвиж суусан юм бол доо зайлуул гэсэн гэгээхэн харамсал булгилж, цээж давчдах ажээ.
Чингис хаан одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, СГЗ, төрийн шагналт агуу их хөгжмийн зохиолч Б.Шарав гуай маань өөрөө хүн чанар, хүнлэг сэтгэлийн биелэл, бэлгэдэл болсон нэгэн байжээ. Учир нь бас л Монголын нэгэн бахархал богино өгүүллэгийн сод төлөөлөгч Ж.Лхагва агсан даралт нь байнга өндөр явсан үедээ талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр харвачихсан байхад нь санамсаргүй тааралдаж, түргэн тусламж дуудан эмнэлэгт хэвтүүлсэн байдаг. Тэгээд ч "Толгодын цаана ингэ буйлна", "Би аргалчин", "Атга чулуу", "Яргуйн эрэлд" зэрэг сонгодог богино өгүүллэгүүдийн эзэн Ж.Лхагва агуу хөгжмийн зохиолч Б.Шарав хоёр салж хагацдаггүй анд найз нар байсныг богино өгүүллэгийн сод төлөөлөгчийн ганц охин Л.Нарандулам нулимс унаган дурссан байдаг.
Ер нь ингэхэд хоёрхон сар гаруйн өмнө “Тэнгэрийн харъяат” болсон агуу их Б.Шарав шиг даян дэлхийд Монгол эх орноо мандуулах, дэлхийг тэр чигээр нь “Сэрсэн тал” болгох суут авъяас билэгтэн дахин хэзээ Монголынхоо хөх тэнгэр дор мэндлэх бол. 2011 онд НҮБ-ын төв байранд эгшиглэж, дэлхийн 130-аад орны удирдагчид, улстөрчдийг ангайлган гайхшруулж байсан Б.Шаравын гайхамшигт Хоёрдугаар симфони шиг хөгжмийн урлагийн суу билэгийг дахин эгшиглүүлэх хөгжмийн урлагийн суутан дахин хэзээ хөх Монголынхоо тал нутгийг олж мэндлэхсэн бол. За яах вэ, хөх Монголын маань тэнгэр дорно зүгээсээ туяаран мандаж Монголын их суу билэг мөнхөд үргэлжлэн бадрах болтугай хэмээсэн гэгээн ариухан хүслээр агуу их Б.Шарав агсанаа дурсан санагалзсан энүүхэн нийтлэлээ өндөрлөе дөө. Бурхан ивээж, сайн сайхан дэлгэрэх болтугай...

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
зочин
(66.181.161.126) 2020-04-18 22:40Юу болоод Энхбазарын тухай, Хүрэлсүхийн тухай бичив дээ. Шаравынхаа тухай л бичих хэрэгтэй
Хариулах