Архиар бусдыгаа шахах нь маш бүдүүлэг үйл гэдгийг санаж яв

Twitter Print
2020 оны 07-р сар 13-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Архи шахах үзэгдэл

Архины талаар тун бүрхэг ойлголттой хүн олоод ир гэвэл би бараг орчихож магадгүй хүн шүү. Яг юу нь: амт нь юм уу, мансуурах нь юм уу, эсвэл хэлэх үг, хийх үйлдлээрээ яаж ч болох хугацаа нь юм уу, алийг мэдрээд уух гээд байдгийг нэг л сайн ойлгож чадалгүй өдий хүрчээ. Аргагүй нойл байгаа биз.

Анх 80 аад оны эхээр Москвад оюутан болоод очиход, 8 копейкны стаканы (200 гр) тал хавьцаа, заримдаа бүүр түүнээс илүү аягалаад " зиаг энэ улсад оюутан болсон хүн ууж сурна даа" гээд бодвол дээд курсынхэн хийж өгсөн нь архи гэдэг ундааг анх удаа амсаж үзсэн, шахуулсан анхны мөч гэж хэлж болно.

Түүнээс хойш аливаа тэмдэглэлт өдрөөр заавал архи байна. Бараг бүгдийнх нь дуу нь чангараад, донхойгоод л шахаж өгнө дөө. Яахав ээ бас хөгжилтэй. Хажуугаар нь халсан залуус дуулна, хуурдана, бүжиглэнэ.

Тэр үед, гадаад улсад сургуулиа төгссөн ах нар мэргэжил дээшлүүлэхээр буцаад Москвад ирдэг үё байлаа.

Нэг төрсөн өдөр давхцаад, тэдний ирснийг бас тэмдэглэж байлаа. Тэгсэн ахмад төгсөгчдийн нэг нь "чи яахаараа эрүүл суугаад, согтохгүй бна гэсэн маягтай зандраад, стакан дүүрэн хийгээд шахаад авсан юм даг. Бүгд л улаа бутраад сайхан зантай баахан улсууд. Би ч жаахан эвгүйцээд юм ч хэлсэнгүй. Тэр үед чинь ах захын өөдөөс юм хэлнэ гэдэг ойлголт байхгүй цаг. Аргалаад нэг юм өнгөрөөв.

Оюутан цаг ч өнгөрлөө. Ажилчин болсноос хойш бас л тэмдэглэлт өдрүүдээр архи бас л бидэнтэй хамт. Найз нөхдүүд, ажлын хамт олон гээд хэсэг бүлгээрээ баахан л баярлацгаана. Бас л согтохгүй үлдчихнэ. Зарим нь хажиглана, зарим нь жийрхэнэ. Нэг ч хүн зөв ш дээ, "архигүй уухгүй байх нь " гэж хэлсэнийг би санахгүй юм.

За тэгээд 35 наснаас хойш юм болов уу даа арай нэг хүнд юм хэлэх насандаа хүрч эхэлж байсан үе юм байлгүй дээ.

Найз нөхдүүд, эргэн тойрныхон хэт давраад хавтгайраад харих янзгүй болоод, шахаад эхэлбэл " заа хүний эрхэнд битгий халдаад байл даа уух нь уугаад, уухгүй нь тэр биз дээ битгий шахаад бай", "архи уух гэж цуглараагүй биз дээ" гэсэн хандлагаар бүхий л цугларалт, уулзалт, тэмдэглэлт өдрүүдээр ууж идэх, тарах, цуглахдаа жаахан соёлтой, хэмжээтэй хязгаартай байх талаас нь ханддаггаа ил тод харуулдаг болов. Мэдээж зарим нэгэнд таалагдахгүй нь ойлгомжтой.

Аз болоход миний ажиллаж байсан бараг бүх хамт олон архи уудаггүй-чүүдийн бүлэгт хамрагдана. Ихэнх нь гэр бүл, ажилдаа анхаарсан, ахиж дэвших, сурч мэдэхэд цагаа зарцуулдаг, зугаа цэнгэлийг бүүр сүүлд нь тавьдаг улсууд голцуу таарна.

Магадгүй зарим хэсэг нь маниасаа бас бага зэрэг хамаарсан ч байж мэдэх юм, удирдаж байгаа ухаантай юм болохоор. Ямартаа ч зохион байгуулалттай архидалтыг ажлын болон найз нөхдүүдтэйгээ аль болох хийхгүй санаатай явсаар ирж.

Хөдөө орон нутагт ажиллахаар заавал идээний дээж архиа гаргана. Сүүлдээ мэддэг болоод ирэхээр амар, задлах ч үгүй зүгээр л бэлэглэнэ. Ямар сайндаа ажлын өрөөнд хөдөө, гадааны нөхдүүдийн бэлэгний архинууд цугларчихна.

Ганц нэг найз нөхөд. хүүё архи уухгүй хүмүүс эрт явдаг гэнэ шүү гэж хүртэл хэлж л байлаа.

Миний гайхаад байдаг нэг зүйл бол хүн өөрөө ууж идэхээ зохицуулах учиртай. Архи зүгээр ундааны нэг л төрөл, олдож мондохгүй айхтар юм биш. Гэтэл хүчээр уулгах, шахах гэдэг бол үнэхээр бүдүүлэг гэхэд багадахаар хачин сонин үзэгдэл.

Нөгөө шахуулаад, уугаад байгаа нь бүүр хөгийн, үнэн сул дорой, хүчинд автагдахад бэлэн гэдгээ харуулдаг нөхдүүд гэсэн үг.

Ганц архи ч биш өөр аливаа үйлдлийг хийхээр тулгахад, эс хүссэнээ хийж мэдэх тун найдваргүй түнш гэсэн үг. Шахаж байгаа хүнээс илүү аюултай, бас өрөвдмөөр хүмүүсийн төлөөлөл гэж хардагаа нуугаад яахав.

Манай сургуулийн анхны төгсөгч Жамц гэдэг настан Залуучуудад хандаж хэлэхдээ: өнөөдрийг хүртэл архи ууж, тамхи татахгүй явсных юм байлгүй 90 дөхөж явна, элдэв хууч алга л байна гээд үнэтэй, сайхан сургамж хайрлаж байхыг сонсож байлаа.

Аав минь бас л архи, тамхи гээчийг хэрэглэлгүй 90 дөхөж явна. Шилэн шүүгээнд нь бэлэгний архи цугларангуут хүндтэй зочиндоо сорчилж амсуулах төдий ёсчилно. Аав, ээж минь айл гэр болоод 61 жил өнгөрч байна. Ямарч гэсэн биднийг ухаан орж том болсноос хойш гэрт нь согтуу хүн суухыг энэ олон жил бараг хараагүй гэж хэлж болно. Түүнийг нь дагаад бид ч мөн адил орон гэртээ аавын жишгээр тогтсон дэгтэй болсон байх.

Ингээд бодохоор архийг зөв хэрэглэж сурах ёстой байх. Над шиг тун тааруу байх ч зарим үёд хэлэх үг олдохгүй "өө архины эмчилгээ хийлгэчихсэн" гээд тоглоом болгох хэрэг ч бас гарна шүү.

Тиймээс залуус хаана ч явсан, ямарч нөхцөлд орсон хэн ч халдахааргүй өөрийн биеийг хордуулахгүй, бусдын нөлөөнд автахааргүй, хамгаалж сурах хэрэгтэй.

Ажлын хамт олон, найз нөхдүүд бусдыгаа архиар бүү шах. Маш бүдүүлэг, өчүүхэн үйлдэл гэдгийг санаж яв.

Даваасүрэнгийн Одноо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.