Хонгконгийн асуудалд оролцохгүй байхыг Их Британид анхааруулжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 07-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Бээжин Их Британийн Нэгдсэн Вант улсыг Хонгконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулжээ. Хонгконгт Хятадын эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Их Британи 3 сая орчим хонгконгчуудад иргэншил олгохоо мэдэгдсэн нь Бээжингийн бухимдлыг төрүүлээд байна.

Их Британид суугаа БНХАУ-ын элчин сайд Лю Сяомин Их Британи Хятадын дотоод асуудалд "хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож" байна хэмээн Их Британи Хонгконгийн иргэдэд иргэншил олгох шийдвэрээ эргэн харна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Харин үүний хариуд Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Их Британи улсын иргэн гэсэн тусгай гэрчилгээтэй хонгконгчуудад иргэншил олгох нь Бээжингийн дотоодын асуудалд оролцож буй хэрэг огт биш хэмээн онцолжээ.

Лондонгийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонгконгийн тусгай захиргааны бүсийн хараат бус, эрх чөлөөт байдлыг үгүй хийж байна гэж үзэж байгаа ба Бээжин 1997 онд Их Британитай байгуулсан зөвшилцлийн гэрээг зөрчиж байна гэжээ. 1997 онд Хонгконгийг БНХАУ-ын эзэмшилд шилжүүлэн өгөхдөө Их Британи БНХАУ-тай зөвшилцлийн гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу Хонгконгийн тусгай захиргааны бүсийн иргэд 50 жилийн хугацаанд их газрын Хятадын иргэдээс зарим нэг давуу эрхийг эдлэх байсан юм. Түүнчлэн Хятадын харилцаа холбооны Huawei компанийн 5G сүлжээний техник технологийг ашиглахыг эсэргүүцсэнээрээ Лондон "Хятадын бусад компаниудад маш онцгүй сэтгэгдэл төрүүлнэ" гэдгийг элчин сайд Лю Сяомин онцолжээ. Их Британиас гадна АНУ, Канад, Япон болон Австрали зэрэг улс Хятадын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхийг буруушааж буйгаа илэрхийлээд байгаа билээ.

Hong Kong: Chinese ambassador warns UK over 'interference' - BBC News

Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөний төлөөлөгчдийн нэг Жошуа Вонг шинэ хуулийн төсөл нь хонгконгчуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үгүй хийж эхэлсэн тухай сэтгүүлчдэд мэдэгджээ. Хонгконгийн боловсролын салбарын мэргэжилтнүүд шинэ хуулийн төсөлтэй зөрчилдсөн агуулга бүхий ном товхимолуудыг сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөс хасч, хурааж эхэлсэн талаар Ройтерс агентлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.