
Соёлын яам бол зөвхөн уран бүтээлчдэд зориулсан яам биш. Нэгэнт Гэгээрлийн яам гэж байгуулаагүйгээс хойш ажилгүйдэл, орлогогүйдэл, ядуурал, чанаргүй боловсролын золиос болон, хүмүүжлийн доройтолд орж, ухамсар, ёс суртахуун, ухааны ч алдагдалтай болсон гэмээр хүмүүсийн оюунд бага ч болов гэгээ татуулах үүрэг энэ яаманд ногдож байх шиг. Уран бүтээлчид яамтай, яамгүй хийхээ хийдэг, чанартай бүтээл, бүтээгдэхүүн гаргадаг, алдаа гаргавал тайз нь өршөөдөггүй, үзэгч нь хүлээж авдаггүй онцгой салбар. Бүтээл, бүтээгдэхүүний хэрэглэгч-үзэгчдийн боловсрол, соёлын түвшин өндөр, бүтээгч болон хэрэглэгчийн хоорондох харилцаа , урсгал чөлөөтэй, орц, гарц сайтай байхын хэрээр энэ салбарынхны орлого, ашиг, амьдрал төдий чинээ байна. Олон нийт амьдралынхаа нэгээхэн хэсгийг соёл, урлаг болгож чадсан тэр цагт нийгэм хөгжсөн байх болно. Тэр алсыг дөтлөх зам нь Соёлын яам, Боловсролын яам, Засгийн газар гэсэн субъектүүдийн тулгын гурван чулуу мэт нягт хамтын ажиллагаа хэмээн харж байна.
Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь тас харанхуй байна. Хов жив, атаа жөтөө, атгаг санаа, хий хоосон хийрхэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжих орь хүслэн өнөөдөр монголчуудын хөдөлгөгч хүч болж байна ч гэхээр. Юун жинхэнэ УРЛАГ, СОЁЛ.
Эдийн засаг, хөгжил гэдэг нь зөвхөн “материаллаг орших” гэсэн утга биш юм. Гагцхүү дээр дурдсан хов жив, атаа жөтөө, атгаг санаа, хий хоосон хийрхэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжих орь хүслэнгээ багасгаад, сэтгэл, оюуныхаа үлдэж буй орон зайд УРЛАГ, СОЁЛыг багтаах. Урлаг гэдгийг жинхэнэ урлаг гэдгээр ойлгохыг хүсье.
Хөгжингүй орнуудад иргэдийн, тэр дундаа баячуудынх нь нийгэм дэх орон зайгаа тодорхойлох арга, харилцааных нь хэрэгсэл, хөрөнгөө хөдөлгөх, өсгөх замууд нь ч урлаг, бүтээл, бүтээгдэхүүнтэй холбоотой байсаар ирсэн тул өнөөдөр эдгээр орны эдийн засаг урлагаас, соёлоос хамаат. Манайд ийм болтол өдий ч, хүн төрөлхтний хөгжлийн замаас хазайхгүйгээс хойш одооноос соёл, урлагийн нөлөөллийг нийгэмд аль болох хүртээх талд алсыг харсан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй болов уу.
Эхний шат нь олон нийтийн урлагийн боловсрол. Ор нэрийн төдий биш, ул суурьтай, үр дүн өгөхөөр бодлого, боловсруулж хэрэгжүүлэх. Энэ нүсэр ажлыг Соёлын яам ганцаараа барахгүй. Боловсролын яамтай хамтарч Засгийн газрын хүчтэй дэмжлэгтэйгээр 0-100 насныханд зориулсан бодлого хэрэгжүүлэх. Тэгэхээр Соёлын яам нь нийтийн, улсын хөгжлийн яам байх ёстой бөгөөд сая болж өнгөрсөн сонгуулиар тоолж барахгүй байсан мундаг залуусаас дайчилж, цалинжуулж бодлого боловсруулах ариун үйлсэд оролцуулахыг хүсэж байна
. Төрийн, яамны ажил гэдэг нь зөвхөн нэгэн намын, эсвэл тухайн үеийн эрх баригчдын болсон ч, үгүй ч “нухдаг” ажил биш юм. Нийт монголчуудын хөгжлийн төлөөх үйлсэд эрдэм, чадалтай монгол хүн бүрийн потенциалыг шингээх хэрэгтэй, тэгэх аваас сая төрийн бодлого болно гэж бодож байна. Товчхондоо ИРГЭД-ийг гэгээрүүлэхээс Монголын хөгжил эхэлнэ.
Р.Оюунжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.