
Туркийн парламент өнгөрсөн лхагва гарагт нийгмийн сүлжээг хянах тухай хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төслийн дагуу Туркийн эрх баригчид нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дурын постыг устгуулах боломжтой болж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Туркийн хэвлэл мэдээллийн агентлагуудын дийлэнх нь Туркийн засгийн газрын удирдлага дор ажиллах болсонтой холбоотойгоор иргэд болон сөрөг хүчнийхэн нийгмийн сүлжээнээс олон талын мэдээ мэдээлэл авч, нийгмийн сүлжээ ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон аж.
Үүнтэй холбоотойгоор Туркийн эрх баригчид тэр дундаа Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нийгмийн сүлжээн дэх контентийг хянах, зохицуулалт хийх шаардлагатай гэж үзжээ. Шинээр баталсан хуулийн төслийн дагуу Твиттер, Фэйсбүк, Ютюб зэрэг өдөрт 1 саяаас дээш хүн хэрэглэдэг нийгмийн сүлжээнүүд Турк улсад төлөөлөгчийн газраа нээх ёстой болж байгаа ба тэдгээр төлөөлөгчийн газруудыг Турк улсын иргэд удирдах ёстой болж байгаа аж. Ингэснээр нийгмийн сүлжээнүүд Туркийн эрх баригчдын хүсэлтээр иргэдийн постыг устгаж, тэдгээр постуудыг нийтэлсэн иргэдийн хувийн мэдээллийг эрх баригчдад мэдээлэх аж.
Нийгмийн сүлжээ ажиллуулдаг компаниуд 48 цагийн дотор Туркийн эрх баригчдаас ирсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх ёстой ба хэрэв татгалзвал засгийн газрын зүгээс тухайн компанид 4.4 сая хүртэлх ам.долларын торгууль ноогдуулах, хандалтыг нь бууруулах эсвэл бүр хаах хүртэл арга хэмжээ авах аж. Түүнээс гадна шинэ хуулийн төслийн дагуу Турк дэх нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээлэл Турк дэх серверүүдэд хадгалагдах ёстой болж байгаа аж. Туркийн иргэд өдөрт дунджаар 3 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг ба Инстаграмд тус улсаас 38 сая хэрэглэгч, Фэйсбүкт 37 сая, Твиттерт 11.8 сая хэрэглэгч тус бүр байдаг аж. Хүнийг эрхийг хамгаалах олон улсын Human Rights Watch байгууллага тус улсад үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигддөг гэдгийг онцлон, шинээр баталсан хуулийн төсөл тус улс дахь цахим хяналтыг улам хатуу чанга болгоно гэдгийг дурджээ.
Шинэ хууль батлагдахаас өмнө буюу 2019 оны сүүл гэхэд Туркийн эрх баригчид 400 мянга гаруй сайт руу орох эрхийг хаажээ. Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр 2020 оны 5-р сар гэхэд нийгмийн сүлжээнд коронавирусын цар тахалтай холбоотой "үндэслэлгүй эсвэл өдөөн хатгасан" пост нийтэлж, коммент бичсэн гэх үндэслэлээр 500 хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: Aljazeera
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.