Amazon, Facebook, Apple компаниудын ашиг орлого огцом нэмэгджээ

Twitter Print
2020 оны 07-р сар 31-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын улмаас дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөөд байгаа энэ үед техник технологиороо дэлхийд тэргүүлдэг компаниудын ашиг орлого улам бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд цахим худалдааны Amazon компанийн борлуулалт даруй 40 хувиар өссөн бол иргэд Apple компанийн iPhone ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдийг ихээр худалдан авах болжээ.

WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээнүүдийг эзэмшдэг Фэйсбүк компанийн нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 15 хувиар өссөн байна. Дээрх компаниудын зах зээлд эзлэх байр суурь нь томрохын хэрээр үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай ажлын орон зай нь ч өргөжин тэлэх шаардлагатай болжээ. Өнгөрсөн лхагва гарагт Вашингтонд болсон конгрессийн хуралдаанаар Америкийн улс төрчид дээрх компаниуд нь зах зээлд тэргүүлэгч байр сууриа ашиглан өрсөлдөгчдөө дарамталдаг эсэх талаар ярилцаж, дээрх компаниудын хөрөнгийн хэмжээ бусад компаниудынхаас эрс ялгаатай байгааг онцолжээ. Конгрессийн хуралдааныг удирдаж байсан Ардчилсан намын гишүүн Дэвид Чичиллине цар тахал үргэлжилж, иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дээрх компаниуд улам хүчирхэг болно гэжээ.

Amazon компанийн 2019 оны 2-р улирлын орлого 2.6 тэрбум ам. доллар байсан бол энэ оны 2-р улирлын орлого 5.2 тэрбум ам. долларт хүрсэн нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус компанийн цахим борлуулалт 6-р сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын турш тасралтгүй 40 хувиар өсч, 88.9 тэрбум ам. долларт хүрсэн байна. Цахимаар хийх худалдан авалт огцом нэмэгдсэнээр Amazon компанийн ачаалал ч нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор тус компани өнгөрсөн улиралд 175 мянган хүнийг шинээр ажилд авсан ба агуулахуудаа томруулахаар ажиллаж байгаа аж. Apple компанийн 2-р улирлын орлого 11 хувиар өсч, 59.7 тэрбум ам. долларт хүрчээ. Энэ нь коронавирусын цар тахлын үеэр гэрээсээ ажиллаж, цахимаар хичээллэж буй иргэд Apple компанийн компьютер, iPad зэргийг ихээр худалдан авч эхэлсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн жилийн 2-р улиралд тус компанийн ашиг 10 тэрбум ам. доллар байсан бол энэ жил ашиг нь 11.25 тэрбум ам. долларт хүрчээ. Түүнчлэн тус компанийн ашиг орлого нэмэгдэхэд iPhone SE загварын утасны борлуулалт ч нөлөөлсөн аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн саруудад иргэдийн дунд харилцаа холбооны тал дээр илүү чанартай техник тоног төхөөрөмжтэй байхыг илүүд үзэх хандлага ажиглагдсан ба энэ тал дээр Apple компани бусдыгаа хол хаяж чадсан гэнэ. Facebook компанийн хувьд ашиг орлого нь 11 хувиар өссөн нь жижиг бизнес эрхлэгчид Facebook нийгмийн сүлжээгээр бизнесээ сурталчлах явдал нэмэгдсэнтэй холбоотой аж.

Тус компанийн 2-р улирлын ашиг 5.2 тэрбум ам. долларт хүрчээ. Facebook компаниас мэдээлснээр өнгөрсөн 6-р сард л гэхэд тус компанийн эзэмшдэг нийгмийн сүлжээнүүдэд 2.4 тэрбум идэвхтэй хэрэглэгч байсан нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 15 хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрх идэвхтэй хэрэглэгчдийн 1. 79 тэрбум нь Facebook нийгмийн сүлжээг хэрэглэж байсан нь өнгөрсөн жилийнхээс даруй 12 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.