Уурхайн нурангид дарагдсан 2 иргэний нэгийг нь эсэн мэнд аварсан ч, нэгийнх нь цогцсыг 35 метрийн нуранги дороос олжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 17-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров сум, долоодугаар багийн нутаг “Бэрх тосгон”-д иргэн А-ийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан талаар өмнө нь мэдээлсэн.

Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулснаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Биеийн байдал нь тогтвортой байгааг мэдээлэв.

Харин энэ сарын 17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогийн байдлаар Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн долоон ажилтан, нэмэлтээр Уул уурхайн аврах ангийн нэг бүлэг нурсан уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.