Өрх бүрд агааржуулалтын хоолой байрлуулна

Twitter Print
2020 оны 08-р сар 19-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аяныг хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээллээ. 

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах цахилгаан дулааны болон инженерийн байгууламж, түлшний хангамжтай холбоотойгоор төлөвлөсөн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг багасгах чиглэлээр наймдугаар сарын 15-наас  ирэх сарын 15 хүртэл нэг сарын компаничилсан аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.

Өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулсан. Үүнийг бататгаж энэ жил 80 хүртэл хувиар бууруулахыг зорьж байна. Үүний тулд нэгдүгээрт шахмал түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт угаарын хийн эрсдэлийг бууруулах нь чухал юм. "Таван толгой түлш" компанид түшиглэн хэрэгчлэгчдэд үйлчлэх албыг байгуулсан. Айл бүхэнд эрсдэлийг хариуцсан менежер ажиллана. Өрх бүрийн угаарын хийн мэдрэгчийг шалгах, зөв галлагааны зааварчилгаа өгөх, угаарын хийнээс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгоно. Өрх бүрд агааржуулалтын хоолой байрлуулна.

Иргэд гэр сууцаа дулаалах, яндангаа хөөлөх, битүүмжлэлийг шалган, засвар үйлчилгээг хийх, сайн шаталттай зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгчийг өрөө бүртээ суурилуулах хэрэгтэй. Өнгөрсөн жил угаартсан иргэдийн ихэнх нь уламжлалт зуух ашигласнаас үүдсэн. Тиймээс эрсдэлгүй байхын тулд сайжруулсан зуухыг авч хэрэглэхийг иргэдэд уриаллаа. Гэр хорооллын 200 мянган айл өрхийн дулааны хэрэгцээг 2 үйлдвэр хангана. Шахмал түлш борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх бөгөөд 1000 орчим цэгийг ажиллуулахаар төлөвлөж байна. 

Одоогоор 40 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн, өнгөрсөн жил 600 мянган тонн түлш үйлдвэрлэсэн бол энэ жил сая 200 мянгад хүргэхийг зорьж байна. Сайжруулсан түлшний үнсийг ялгах, эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Үүний хүрээнд гэр хорооллын үнсийг ангилан ялгах томоохон бассэйныг Цагаанчулуутын хогийн цэг дээр байгуулсан. Өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэл тохиолдсон. Үүнд дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуух ашиглаж байсан өрх 72 хувийг эзэлж байсан. Тэдний 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээ хийгээгүй байсан" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.