ШӨХТГ: Талхны үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана

Twitter Print
2020 оны 09-р сар 07-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийлээ. Уулзалтаар талх, гурилын үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана гэж ШӨХТГ-аас мэдээлсэн юм.

ШӨХТГ-аас есдүгээр сарын 03-наас эхлэн зургаан дүүрэг дэх 30 худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж буй ба есдүгээр сарын 05-ны өдрийн жижиглэнгийн үнийн судалгаагаар зарим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна.

Тэр дундаа "Алтан Тариа" ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр" компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Уулзалтад гурилын үйлдвэрүүдээс гадна, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ төлөөллүүд ирсэн бол үнэ нэмсэн "Атар өргөө" "Алтан Тариа" компаниуд ирсэнгүй.

Уулзалтын эхэнд шалгалтын дүнг танилцуулсан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Шинэ ургац гараагүй. Цахилгааны үнэ нэмэгдээгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдсэн. Дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй. Шинэ батлагдсан цар тахлын үеийн хуулийн дагуу гамшгийн үед үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг аж ахуй нэгжүүдэд даалгасан. Ам.долларын ханш 0,2 хувиар өссөн, рублийн үнэ өсөөгүй, түрээсийн үнийг өсгөхгүй байх тогтоол гарснаас харвал бүтээгдэхүүний үнэ түрээс болон валютаас болж нэмэгдэх шалтгаан байхгүй.

Мөн жижиглэнгийн дэлгүүрүүд өөрсдөө үнэ нэмсэн асуудал гарсан бөгөөд тэдгээр байгууллагуудад хатуу арга хэмжээ авна. Бид үнэ нэмсэн компаниудад Татварын ерөнхий газар, ШӨХТГ, МХЕГ болон ОБЕГ-ын Гамшгийн хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг оруулна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуулиар байгууллагын 1000-20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бид үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Учир нь үнэ нэмэх үндэслэл байхгүй" гэв.

Үнэ нэмсэн талаараа "Талх Чихэр" ХК-ийн маркетингийн албаны дарга Б.Тулгаа "Манай байгууллага олон улсын ISO стандартад шилжиж байгаатай холбогдуулан есдүгээр сараас талхны үнээ нэмсэн. Мөн цар тахалтай холбоотойгоор ажилчдынхаа ажлын байрыг хадгалах, валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалж гурилын үнийг наймдугаар сараас нэмсэн. Гэхдээ манай нийт үйлдвэрлэлийн 50-60 хувийг эзэлдэг, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон "Атар" талхны үнийг нэмээгүй. Мөн 2019 оноос эхлэн цахилгааны үнэ сар тутам нэмэгдсэн нь бас нэгэн шалтгаан болж байна. Атар талхны үйлдвэрийн үнэ 1200 төгрөг бөгөөд манайхаас дамжуулан худалдаалж буй байгууллагууд, жижиглэнгийн дэлгүүрүүд үнийг нь нэмсэн байж магадгүй" хэмээв.

Харин ШӨХТГ-аас ISO стандартад шилжих нь үнэ нэмэх үндэслэлтэй шалтгаан гэж үзэхгүй байгаагаа илэрхийлэв. "Тоног төхөөрөмж шинэчлэх нь байгууллагын дотоод асуудал. Гамшгийн үед үнэ нэмэхгүй. Үнэ нэмэхээр бол урьдчилаад бидэнд хандах ёстой" гэж Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм. ШӨХТГ-аас мягмар гарагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд, лхагва гарагт махны үйлдвэрүүд, пүрэв гарагт шатахууны худалдаалагчидтай уулзалт хийх аж. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн тогтоолыг зөрчсөн, махны үнийг нэмсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас "Номин Холдинг", "И-Март" худалдааны төвүүдийг өнгөрсөн долоодугаар сард 20 сая төгрөгөөр торгож байв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.