Хүүхэд эцэг эхдээ сонгогдож төрдөг буюу бид тохиолдлоор хүн болж төрдөггүй

Twitter Print
2020 оны 11-р сар 16-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн болж төрөөгүй бол яах байсан бол, эсвэл энэ аав ээжийн хүүхэд болж төрөөгүй бол ямар явах байсан бол гэдэг ч юм уу, эсвэл ерөөсөө хүн болж төрөөгүй бол яах байсан бол гэх мэт тэнэг ч гэмээр бодол хаа нэгтэй орж ирдэг.

“Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй” гэдэг үг байдаг даа. Энэ үгэнд зарим талаар эргэлзэх сэтгэл төрүүлсэн нэг шинжлэх ухааны судалгааны өгүүлэл уншсанаа сийрүүлье. Биднийг хүн болж үүсэхийн өмнөөс эхлээд бүр янз бүрийн асуудал болдог юм байна шүү.

ӨНДГӨН ЭСЭД Ч БАС СОНИРХОДОГ ЭР БЭЛГИЙН ЭС БАЙДАГ УУ?

Насан туршынхаа ханийг сонгох шалгуур, нөхцөл хүн бүрт өөр өөр байдаг шиг эмэгтэй хүний өндгөн эс ч бас эр бэлгийн эсийг шилж голдог байх магадлалтай тухай Шведийн Стокгольмын Их Сургуулийн судлаачид нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг нийтлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өндгөн эс тодорхой эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийг хүчтэйгээр өөртөө татахыг хичээдэг болох нь батлагдсан гэсэн үг. Судалгааны баг энэ үр дүнгийн талаар "Бид хүний нөхөн үржихүйн талаар цоо шинэ ойлголттой боллоо" гэж дүгнэсэн байдаг.

Өндгөн эсэд хүрч очиж буй эр бэлгийн эсийн тоог 250 орчим гэж тооцдог бөгөөд эдгээрийн 10 орчим хувь нь л өндгөн эс рүү нэвтэрч орж, үр тогтох чадвартай байдаг юм байна. За ер нь бол бид чинь 250-уулаа уралдаад тэндээс шалгарсан 25-ын 1 нь юм байна гэж ойлгож болох нь. Судалгаанд үргүйдлийн эмчилгээ хийлгэж буй хосуудын эр бэлгийн эс болон өндгөн эсийн үрийн цэврүүний шингэнийг ашигласан юм байна. Үрийн цэврүү нь эр бэлгийн эсийг өөртөө татах химийн сэдээгч бодис агуулсан шингэнээр дүүрэн байдаг аж.

Судалгааны үр дүнд аль ч эмэгтэйгээс цуглуулсан үрийн цэврүүний шингэн нь тодорхой эрэгтэй хүний эр бэлгийн эсийг өөртөө илүү хүчтэй татдаг нь илэрсэн байна. Өндгөн эсийн сонгосон эр бэлгийн эс нь заавал тухайн эмэгтэйн хамтран амьдрагчийнх биш байсан нь бас туйлын сонирхол татлаа. Тодорхой гэж хэлээд байгааг эрэгтэй хүн бүрийнх биш тогтсон тодорхой нэг эрэгтэйчүүдийнх гэж ойлгоорой.

Энэ талаар судалгааны багийнхан "Үр тогтохын өмнөхөн өндгөн эс ба эр бэлгийн эсийн хооронд "химийн харилцан яриа" болдог. Өндгөн эсээс гарсан химийн дохионд өртсөн эр бэлгийн эс сэлэх арга хэлбэрээ өөрчлөн өндгөн эсийн зүг рүү шууд сэлж хүрдэг гэнэ. Энэ нь өөрөөр хэлбэл өндгөн эс нь эр бэлгийн эсийг чиглүүлж удирдах химийн бодис ялгаруулдаг ба энэ нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлж байж болзошгүй гэсэн үг" хэмээн үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: Fitzpatrick JL, et al.Proc Biol Sci. 2020 Jun 10.

Миний бодол:

“Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй” гэхээсээ илүү “хүүхэд эцэг эхдээ сонгогдож төрдөг” гэвэл илүү ач холбогдолтой сонсогдох юм шиг санагдаад байгаа юм. Энэ нь бид тохиолдлоор хүн болж төрөөгүй гэсэн үг. Аавынхаа тэр олон сая эс дундаас ээжийнхээ өндгөн эсэд хайрлагдаж сонгогдоод энэ хорвоод хүмүүний биеийг олж төржээ. Тэгэхээр угаасаа төрөхдөө л ялагч болж төрсөн азтай нэгэн гэж ойлгож бас болох байх. Хүн болж төрснөөрөө бахархахгүй байхын аргагүй юм шиг бодогддог.

Тэгэхээр би азгүй юм гэдэг ч юм уу тийм зүйл бодож болмооргүй байгаа юм. Ялангуяа энэ өдрүүдэд шинэ коронвирусийн халдварт өртөөд эмнэлгийн орон дээр сэтгэл шаналгаж байгаа хүмүүсийн хувьд бүр ч битгийн ингэж бодоосой хэмээн хүсэх байна.

Америкийн Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй ба урологийн нийгэмлэгээс дээрх судалгааны үр дүнгийн талаар дүгнэхдээ “энэ удаа цөөн тооны хосуудаас цуглуулсан сорьцонд хийсэн дүн шинжилгээ учраас бодит амьдрал дээр яг ийм байх эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ судалгааны үр дүнгээс харж болох зүйл бол өндгөн эс нь үр тогтохын өмнөхөн хамгийн сайн эр бэлгийн эс олж авахыг хичээж байгаа нь бодит үнэнд нийцэж буй юм" хэмээн дүгнэлт хийжээ. Ээжийнхээ ачаар, ээждээ хайрлагдсан учраас ийнхүү хорвоод хүмүүний заяаг олсон гэсэн үг. 

Стокгольмын их сургуулийн эрдэмтэн багш нар ээж хүний нөгөө гайхал өндөгөн эс эр хүний хэдэн сая эсээс таалагдсан ганцыгаа урсгал чиглэлийг нь өөрчилж, тусалж дэмжсээр өөртөө нэгдэх боломж олгодог гэсэн нээлт хийсэн байх юм. Таалагдаагүйгээ харин бяцхан заль гарган түлхэж шоглосоор өөрөөсөө холдуулаад цөлчихдөг юм байх хэмээн пост оруулсан байсан.

Мэдээжийн хэрэг, хосууд өөрсдийнх нь өндгөн эс, эр бэлгийн эсүүдийн нийцтэй байдлын талаар ямар ч сэжүүр, төсөөлөлгүйгээр үерхэж эхэлдэг бол эдгээр өндгөн эс, эр бэлгийн эсүүдийн хооронд химийн шинжтэй харилцан яриа нь үр тогтох магадлалд нөлөөлдөг гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн баримт бололтой.

Энэ хорвоод бид чинь ялагч хүмүүн болж төрчихсөн юм чинь өнөөдөр энэ хорвоод хүн болж төрснөөрөө, бүр Монгол хүн болж төрснөөрөө бахархах хэрэгтэй юм байна. Монгол хүмүүний заяаг олгож төрүүлж, өсгөсөн Аав Ээждээ талархаарай.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.