
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
Д.Ганбат "Манай бүлгийн гишүүд Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барихаар шийдвэрлэлээ. Тус хуульд төсвийн ерөнхийлөн захирагч нар таван саяас дээш төгрөгийн гүйлгээгээ олон нийтэд мэдээлэх заалт бий. Үүнийг бид нэг сая төгрөгөөс дээш гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, зарлагаа шилэн дансандаа байршуулаагүй бол тодорхой хариуцлага тооцдог байх зохицуулалт нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ.
Мөн АН-ын бүлэг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн Шинжлэх ухааны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. С.Одонтуяа гишүүн энэ талаар хэлэхдээ "Манай намын бүлэг энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Учир нь, 2000 оноос өмнө баталж байсан хуульд одоо нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Энэ хуульд жижиг засвар хийхийн оронд шинэчлэн найруулж батлах хэрэгтэй. Тус хуулийг анх баталснаас хойш шинжлэх ухааны салбарт маш олон өөрчлөлт гарсан Тиймээс хуучин хууль нь шинжлэх ухааны хурдацтай хөгжлийг тодорхойлж чадахгүй" гэв.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.